Иймээс Ц.Мөнхбаярт өгсөн ял шийтгэл нь бодит амьдрал, байгаль хамгааллын дэлхийн нийтийн хандлагыг харж чадаагүйн дээр шүүх бусдад сургамж болгох зорилгоор хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэж тус байгууллагынхан хэлж байна. Тэдний үзэж буйгаар Эрүүгийн хуулийн 16.2 т зааснаар "Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй" гэсэн заалтыг энд хэрэглэх учиртай байсан гэнэ. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэснээр шийдвэрлэж болохоор байгаа гэж тус холбооноос мэдэгдлээ. Мөн тус холбооныхон цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.
Тэмцэгчид тэмцлээ зогсоохгүй гэв
Ц.Мөнхбаяр нарын хэргийн талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн өнөөдөр тайлбар мэдэгдэл хийж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. "Урт нэртэй хуулийг Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхөд, УИХ-ын "Ногоон бүлэг"-ийн нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж батлуулсан нь Монгол улсын байгаль орчин хамгааллын түүхэнд онцгой үйл явдал болсон” гэж тус холбоонынхон мэдэгдэж байлаа. Урт нэртэй хуулийг өөрчлөхөөр өргөн барьсан хуулийг Ц.Мөнхбаяр түүний нөхөд өөрсдийгөө золиослон байж эрсдэлтэй алхам хийжтүр зогсоогоогүй бол уул уурхайн 1782 тусгай зөвшөөрлийн эрх бүхэлдээ сэргэснээр багаар тооцоход найман их наяд 130 тэрбум гаруй төгрөгийн хохирол зөвхөн байгаль орчинд учрах байсан гэсэн тооцоог Монголын Байгаль орчны Иргэний зөвлөлөөс гаргасан байна.
Э.АРИУНАА