Хамгийг гэрэлтүүлэгч хавар цаг

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Хамгийг гэрэлтүүлэгч хавар цаг

Хөдөө
нутагт сар шинийн баяр хуучирангуут миний хувьд хоёр сайхан баяр болдог
байж билээ. Нэг нь мэдээж ээжийн баяр буюу Мартын 8. Харин нөгөө нь
жилд ганц тохиох аавын минь баяр болох Эр цэргийн баярын өдөр байдаг
байлаа. Талийгаач аавыгаа энэ л өдөр чадлынхаа хэрээр баярлуулах гэж
ээж, эгч бид нар хичээдэгсэн. Гэсэн ч аав минь үе, үе гунигтайгаар санаа
алдах…

Тэртээ 1965 оны хаврын цэрэг татлагаар Хөвсгөл аймгийн
Чандмань-Өндөр сумын уугуул Дэндэвдоржийн Тэрбиш анх цэргийн албанд
татагдан очсон гэдэг. Тэрээр тэнд л жинхэнэ эр хүн, эр цэрэг байхын утга
учир, эх орон, элгэн саднаа өмгөөлөн хамгаалах их ухааныг олж авчээ.
Зүг зүгээс шувуу шиг нисэж ирсэн эрчүүд тэнд “цэрэг” гэдэг ганц нэртэй.
Бэлтгэл сургуулилтын хажуугаар биесээ шоглон байх хооронд цаг хугацаа
гэгч манантай уулын зүг цахилан одох зүрийн янзага шиг оджээ. Олон жил,
сараар үерхэн дассан, эх орноо дуудсан цагт хэзээд бэлхэн байх цэрэг
эрчүүд салан одох цаг болоход аав минь “хоргодох”гэгчийг анх мэдэрсэн
гэдэг.

Харин түүнээс хойш тэрээр олон зүйлд “хоргодсон” гэдэг.
Ээжтэй уулзсан анхны болзооныхоо үеэр, хайртай үрээ орхиод холын аянд
явахдаа гээд л. Салхи хуйсагнасан тэр нэг хавар би аавыгаа хамгийн сүүлд
баярлуулж байгаагаа мэдээгүй. Мэдсэн бол түүнээс илүүтэй баярлуулахыг
хичээх байсан буй заа. Хаварт би хайртай, аав минь ч хайртай байсан.
Учир нь тэр надад бүхнийг өгсөн ч буцаан авч ухаарал өгсөн. Хамгийг
гэрэлтүүлэгч хавар цагт аав, ээж минь анх танилцаж, тэр л хавартай
төстэй бас нэгэн хавар би мэндэлсэн юм.

… Хамгийг гэрэлтүүлэгч хавар цагаар аавыгаа санаж суух сайхаан.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж