Үггүй нөхөрлөлийн талбар

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Үггүй нөхөрлөлийн талбар

“Brix” шөнийн клубт гуравдугаар сарын 14-ны үдэш “Hip hop R&B volume 16” шоу болсон. 16 дахь удаагаа болж буй уг шоуг “MNG event”-ийн залуус хип хоп сонирхогчдодоо хүргэлээ. Хэдийгээр хуучны хип хоп хэмнэл мэдрэгдсэн ч залуус ёстой л доргиж байсан юм. Мэдээж эцэг эхчүүдийн хувьд энэ газрын хаалга хаалттай. Гэхдээ тэнд ууж идээд хөлчүүрхсэн залуус харагдаагүйн дээр бүжиглэх дуртай залуус ихэнх нь байсан. Хэт дэвэргэсэн сонсогдох ч согтуу охид хөлчүүрхэж, гар хуруугаа зангидсан залуус хаа сайгүй үзэгдэх шоу цэнгээн зөндөө л байдаг даа. Харин “Brix”-т тэд үзэгдсэнгүй.

Бүжгийн соёл хэрэглээний соёлтой эн зэрэгцэж байх шиг санагдлаа. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээд байж болоод л байгаа мэт. Харин шоуны соёл гээд тодорхойлж болохоор. Залуус хамгийн  гоё ганганаа  өмсөж, охид хавартай уралдан нимгэлж, даашинз, өндөр өсгийтөөр гоёсон байлаа. Бүжгийн талбай үггүй нөхөрлөлийн талбар болжээ. Залуус бие биеэ танихгүй ч эрэгтэй эмэгтэйгүй нэгэн цул мэт өөр хоорондоо бүжгийн хөдөлгөөнөөр ярилцах аж. Тэдэнд ингэж ярилцахад үг хэрэггүй. Харин тэдний гадуур тэднийг хэрхэн бүжиглэж байгааг ажиглах хэсэг бий. Бүжигчдийн хөдөлгөөнөөр нүдээ хужирлаж зогсох хэсэг бүлэг бас бий.

Мэдээж залуусын соёл хөгжихийн хэрээр орчин дагаад хөгждөг жамтай. Манайдаа л урдаа барьдаг шөнийн клубууд засвар хийгээд байгаа ч бас л жаахан дутагдалтай. Хэдийгээр бүжиглэх орчин бүдэг гэрлэнд тийм ч их гологдоод байхгүй ч орчин хэрэгтэй гэдэг нь шоуны төгсгөлд тод гэрэл асахад мэдэгдэнэ. Залууст тамхины өрөө гаргаж өгсөн байгаа нь сайн ч агааржуулалт байдаггүй нь тамхилаад ирж байгаа залуусын ярианаас ил. “Ёооё угаартаж үхэх нь ээ” гэх залууст агаар дутагдсан нь андашгүй харагдана.

Хотын бүжгэнд дуртай охид хөвгүүд нэгэн хэмнэлтэйгээр үдшийг өнгөрүүллээ. Харин шөнө 03.00 цагийн харанга дэлдэхэд замын цагдаа ах нар орж ирээд үүд сахисан байдалтай сууцгааж харагдав. Ногоон өнгийн фосфортой хувцас нь нүдэнд тодоос тод харагдана. Цагдаа ах нар ч ажлаа сайн хийсэн, залуус ч партинд соёлтой оролцов.

Гуравдугаар сарын 14-ний үдэш “Brix”-т “Hip hop R&B volume 16” шоутай зэрэгцэн “Metropolis” шөнийн клубт улаан хувцастангуудын “Red” шоу болсон юм. Мэдээж бас бус газрууд шоугаа хийсэн нь тодорхой. “Metropolis”-т 22:00 цагаас 23:00 цаг хүртэл охидыг үнэгүй оруулна гэсэн зарын дагуу цөөнгүй охид тэнд очсон ч харамсалтай нь “хамран дундуураа хаалга савуулсан”. Үүдэнд нь бараг арав гаруй хар өнгийн хослол өмссөн залуус охидын цүнхийг увайгүйгээр ухаж байх нь тэр. Учир нь цүнхэндээ ус, ундаа, шингэн төрлийн зүйлийг авч орохыг хоригложээ. Охид цүнхээ ухуулсныхаа дараа “Охид таксгүй” гэсэн рекламны дагуу орох гэтэл оруулсангүй. Өнөөх хамгаалагч нарын цаг түрүүлж байсан бололтой 22:50 минутаас эхлээд 23:00 цаг болчихсон хэмээн охидыг буцааж, “Чаддаг юм бол” таксаа аваад ор хэмээн даапаалж байсан юм.

Э.ТЭКҮ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж