Багш, оюутнууд сайн үйлс бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Багш, оюутнууд сайн үйлс бүтээлээ

Орхон аймгийн МСҮТ-ийн хамт олон өнгөрөгч 7 хоногт нэгэн буянтай үйлс бүтээлээ. Тус сургуульд арав гаруй жил биеийн тамирын багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Баатарын Тэрбиш багшийнхаа эвдэрч, муудсан байшинг нь бүрэн засварлаж өглөө.

Олон улсын хэмжээний мастер Б.Тэрбиш Завхан аймагт төрж өссөн бөгөөд өөрийн залуу халуун насаа биеийн тамир, спортын салбарт зориулж 1987 оны самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн бүх ард түмний спартакиадын хошой алтан медальт тамирчин юм. Б.Тэрбиш багш спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцохын зэрэгцээ самбо, болон үндэсний бөхөөр олон арван шавь нар бэлтгэсэн бөгөөд түүний нэг нь ОУХМ Нармандах аж. Үндэсний бөхөөр улс, аймаг, цэргийн цолтой олон шавь нар нь амжилттай барилдсаар байгаа.

Тэрээр хэдэн хоёр, гурван жилийн өмнө тархины цус харалт өвчнөөр өвдөж тал бие нь мэдээгүй болсон ч эр зориг, сэтгэлийн тэвчээр гарган өвчинтэйгээ тэмцсээр өнөөдөр бие нь нэлээд сайжирчээ. Тархины саажилттай нэгэн хүү байдаг байсан ч оны өмнөхөн өөд болсон бөгөөд одоо түүнийг өргөж авсан 4 дүгээр ангийнх нь хүү нь асарч сувилан, түлээ ус дөхүүлэх, хувцас хунарыг нь угааж цэвэрлэхээс өгсүүлээд гэрийнх нь бүх ажлыг хийдэг аж. Одоо энэ 4 дүгээр анйгийн хүүгийнхээ хамт Наран багт амьдарч байна.

Халуу залуу нас, ганц олдох ухамсарт амьдралынхаа ихэнхийг биеийн тамир спорт, боловсролын салбарт зориулан, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын түвшинд гаргаж алтан соёмбот далбаагаа дэлхийн дайдад нэг биш удаа өргүүлж авсан нь саяхан. Шавийн эрдэм багшаас гэж үгтэй. Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Баатарын Тэрбиш багшийн зуу зуун шавь нь өнөөдөр ч гэсэн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнүүдэд түрүүлэн Монгол улсынхаа төрийн дууллыг дэлхийн дэвжээнд цуурайтуулсаар байгаагаас гадна баруун зүүний магнайгаас босч барилддаг улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд олон бий.

Орхон аймгийн МСҮТ-ийн барилгын багийн хамт олон буюу барилгын засал чимэглэл, цахилгаан, мужаан, сантехникийн ангийн оюутан, багш нар 7 хоногийн дотор байшингийнх нь дээврийн төмрийг иж бүрнээр нь солин, ханыг нь шилэн хөвөнгөөр дулаалан өвч төмөрлөсөн бөгөөд оёдлын ангийн оюутнууд цонхны хөшиг шинээр хийснээс гадна барилгын засал чимэглэлийн ангийнхан дотор заслыг нь ч мөн хийж өгсөн. Түүнчлэн ор, дулаан хувцас хунар, гэх мэт зүйлсийг бэлэглэв. Ийнхүү байшинг нь засахад 2 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд багш нар цалингаасаа, оюутнууд сар бүр авдаг 70000 төгрөгийн тэтгэлгээсээ хандив тусламж өгсөн.

Юутай ч “сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэгчийн үлгэрээр МСҮТ-ийн оюутан, багш нар ийнхүү буянтай үйлс бүтээлээ.

Д.ЦЭНД-АЮУШ

Эх сурвалж: http://erdenetinfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж