Нигерид 16 хүн золгүй байдлаар амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Нигерид 16 хүн золгүй байдлаар амь үрэгджээ

Нигерийн Засгийн газраас өчигдөр/III.16/ 5000 хүрэхгүй ажлын байранд 500 мянга гаруй ажил хайгчдыг бүртгэн шалгаруулах ажил зохион байгуулснаас золгүй явдал үүсчээ. “Associated Press” агентлагт мэдээлснээр хүмүүс цөөн ажлын байранд нэг, нэгнээсээ түрүүлж бүртгүүлэхээр тэмцэлдсэнээс шахцалдаан үүсч, 16 хүн золгүй байдлаар амь үрэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Нигерийн Дотоод хэргийн сайд Абба Мотто золгүй явдлаар хохирогчдыг өөрсдийнхөө тэвчээргүй зангаас болсон амь үрэгдсэн гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Сайдын мэдэгдлийн дараа  уурлаж бухимдсан ард иргэдийн зүгээс золгүй явдалд Нигерийн Дотоод хэргийн яамны зохион байгуулалтгүй байдлыг буруутган, хариуцсан сайд Абба Моттог огцрохыг шаарджээ.

Нигерийн Дотоод хэргийн яамнаас нэг ажлын байранд 100 хүн бүртгэхээр зохион байгуулсан нь бүртгүүлэгчид тус бүр 1000 наира /6 ам.доллар/ төлж, шалгалт өгөх эрхийг худалдаж авсантай холбоотой аж. Үүний үр дүнд Нигерийн Засгийн газар 500 мянган ажил хайгчдын бүртгэлээс гурван сая ам.долларыг цуглуулсан байна.

170 сая хүн амтай Нигерид 41 орчим сая нь хөдөлмөрийн насны ажилгүй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 24 –өөс доош насныхны дунд илүү өндөр байдаг гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж