Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чухалчлахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чухалчлахыг сануулав

Уул уурхайн салбарынхны дунд уламжлал болон зохион байгуулагддаг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал-2014” бага хурал өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болсон юм. Энэ удаагийн бага хурлыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хамтран зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, МҮЭХ, МАОЭНХ, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин оролцов. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хуралд 300 гаруй төлөөлөгч оролцжээ.

Эрчимтэй хөгжлийн шатанд ирж буй  уул уурхайн салбар нь хамгийн их эрсдэлтэй, осолтой ажил мэргэжил бүхий үйлдвэрлэлийн нэгд зүй ёсоор тооцогддог.  Статистик мэдээгээр сүүлийн есөн жилд буюу 2005–2013 онд  нийт 629 удаа үйлдвэрлэлийн осол гарч, түүнд 644 хүн өртөж, 225 нас барж, 100 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 401 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.  Уул уурхайн салбарт гарсан 2012, 2013 оны үйлдвэрлэлийн ослын судалгааг харьцуулж үзвэл 2013 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оноос 20 хувиар буурч, осолд өртсөн хүний тоо 29.6 хувиар мөн буурчээ.  Харин хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний тоо 2012 онд найм байсан бол 2013 онд 29 болон нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэний тоо 58 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг төдийлөн сайн баримталдаггүй, нөгөө талаар тухайн байгууллагын ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг заавар журмын дагуу хэрэгжүүлдэггүй зэрэг шалтгаантай холбоотой аж.

Бага хурлын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Буяннэмэх “Уул уурхайн салбарын ХАБЭА-н өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэндийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгон авч үзэх. Аж ахуйн нэгж, байгууллагад дотоодын хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Ажилчдад ажил үүргээ осол, эндэгдэлгүй гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлж өөрийгөө  болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх зан үйлийг хэвшүүлэх зэргийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох нь эрсдлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэсэн юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж