Эрлийг 11 улсын нутагт үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Эрлийг 11 улсын нутагт үргэлжлүүлж байна

-Малайзууд олон улсаас тусламж хүсэв-

Учир битүүлэг байдлаар сураггүй болоод ес хонож буй Малайзын “Boeing 777-200ER” онгоцыг эрэн хайх өргөн хүрээтэй ажиллагаанд өдгөө 25 орны албаны хүмүүс оролцож байна. Төв Азиас Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэл уудам газар нутгийг самнах ажиллагаа далай тэнгис, хуурай газар гээд газар сайгүй үргэлжилж буй юм. Гэвч эрлийн цогц ажиллагаа улам бүр хүндрэлтэй болж буй талаар Малайзын Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч мэдэгдсэн байна.

Онгоц нислэгийн явцад чиглэлээ огцом өөрчилсөн гэдэг нь баталгаатай болсон тул онгоц осолдохоос илүү хэн нэгний заавар, удирдлагаар чиглэлээ өөрчилж ниссэн гэх таамаг илүү бодитой болж, улмаар нислэгт багтсан зорчигч, нисэх багийнхан болон онгоц хөөргөх талбайн ажилчдыг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн шинжээчид MH370 нислэгийн дайрч өнгөрсөн орнуудаас радарын болон хиймэл дагуулын нэмэлтмэдээлэл олж авахаар ажиллаж байгаа ажээ.

Малайзын Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хисхаммуддин Хуссейн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ “Бид 11 улсын нутаг дэвсгэрийг хамруулж, өргөн хэмжээний эргэн хайх ажиллагаа явуулж байна. Азийн хэд хэдэн орны лидерүүд бидний ажилд тусалж, эрлийн шинэ үеийг эхлүүлээд байна” гэжээ. Малайзын албаныхан одоогоор Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Пакистан, Бангладеш, Энэтхэг, БНХАУ, Мьянмар, Лаос, Вьетнам, Тайланд, Индонез, Австрали болон Франц улстай хамтран ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн Малайзын талаас бусад улс орнуудад хандан эрлийн ажиллагаанд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Ингэхдээ хиймэл дагуулын өгөгдөл, дүгнэлт, эх газрын болон далай тэнгисийн хайгуулын ажил гээд ямар ч хэлбэрээр туслах боломжтойг онцолжээ.

Пакистаны иргэний нисэхийн газраас радарын бичлэгийг шалгасан боловч сураггүй болсон онгоцтой холбоотой ямар ч сэжим илрээгүй болохыг мэдэгдсэн байна.

Малайзын Цагдаагийн газрын дарга Ген Халид Абу Бакарын мэдэгдсэнээр онгоцонд зорчиж явсан зорчигчдоос сэжигтэй зүйл илрүүлээгүй байгаа ч бүхий л зорчигчдын мэдээллийг шалгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад явуулаад байгаа гэнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас онгоцны ахмад, ахлах нисгэгч Захари Шах болон туслах нисгэгч Фарик Абдул Хамид нарын гэрт нэгжлэг хийж, тэдний гэр бүлийн талаар судалж эхэлсэн байна. Захарийг таньдаг хүмүүсийн мэдүүлгээр тэр төлөв даруу, энгийн нэгэн гэнэ. Агаарт 18 мянган цагийн нислэг хийсэн туршлагатай, нисэх хүчний “акул” хэмээгддэг Захари онгоцны бүхээгт суугаа, нисгэгчийн хувцастай гэрэл зургаа онлайнаар нийтлэх дуртай байжээ.

Цагдаа нарын зүгээс нисгэгч, зорчигчдоос гадна инженерүүд, онгоц хөөрөх талбайн бусад ажилтан, онгоц хөөрөхөөс өмнө холбогдож байсан хүмүүсийг мөн шалгаж эхэлсэн байна.

Сураггүй болсон онгоцтой холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, Boeing 777 онгоц сураг тасарснаас хойш бараг таван цагийн дараа илрүүлсэн хиймэл дагуулын мэдээллийг ил болгосон Их Британийн харилцаа, холбооны “Inmarsat” компанийн төлөөлөгчид Малайзад иржээ. Түүнчлэн Францын шинжээч, мөрдөн байцаагчид эрлийн ажиллагаанд туслахаар өнөөдөр Малайзад очиж байгаа гэнэ.

239 зорчигч, нисэх багийн 12 гишүүний хамт учир битүүлгээр сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мөн бямба гаригт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр онгоцны нисгэгчийн бүхээгт байсан хэн нэгний шийдвэрээр онгоц чиглэлээ өөрчилж ниссэн талаар мэдээлж, онгоц гэнэт чиглэлээ өөрчилж ниссэн нь төлөвлөсөн зүйл байсан уу, эсвэл санамсаргүй, зайлшгүй тохиолдол байсан эсэхийг тодруулахааралбаны хүмүүс ажиллаж байгаа гэсэн билээ.

Сануулахад, Малайзын агаарын тээврийн компанийн MH370 нислэг үйлдэхээр гуравдугаар сарын 8-ны 00:41 цагт Куала Лумпураас хөөрсөн Boeing 777-200ER онгоц агаарт хөөрөөд ердөө 40-өөд минутын дараа буюу 01:20 цагт агаарын замын удирдлагын төвөөс холбоо тасарсан юм. Өдгөө 43 хөлөг онгоц, 58 нисэх онгоцоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж