БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2014.03.12-2014.03.15-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-ийн урилгаар албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хугацаанд /2014.03.14/ БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхав. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоод Монгол Улстай ойр дотно хамтран ажилладагт баяртай явдгаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн мэндчилгээг УИХ-ын даргаар дамжуулан уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр тус улсыг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг уриалсан. Энэхүү уриалга их чухал байсан бөгөөд цаашид хоёр Солонгос улс эв нэгдэлтэйгээр нэгдэн орших нь Зүүн хойд азийн орнуудад төдийгүй дэлхий нийтэд энх тайван байдал оршин тогтнох нэг хүчин зүйл болно. Улмаар нэгдэн нийлэх процесс нь хөрш зэргэлдээ оршин байгаа орнуудын хөгжилд ч бас чухал үүрэгтэй. Иймээс түүний энэхүү саналыг Монгол Улс дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Ерөнхийлөгч Пак, уулзалтын үеэр Солонгосын Засгийн газар “Евроазийн санаачилга”-ын хүрээнд бүс нутгийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад хувь нэмэр оруулах зорилт зорилго бүхий санаачилгыг эхлүүлснээ мэдэгдээд, үүнд Монгол Улсыг нэгдэхийг уриаллаа. УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г найрсаг дотноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрээр энэхүү санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Евроази болон Зүүн Хойд азийн орнуудыг холбосон төмөр зам барих төлөвлөгөөг танилцуулсан юм. Мөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй. Хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаагийн нэг илрэл бол нэг жилдээ Монголын 120 мянга орчим иргэн БНСУ-д зорчиж байна. Цаашдаа визний асуудлыг анхааралдаа авч, хөнгөвчлөх болон бусад асуудлаар ярилцлаа.
УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй /2014.03.12/ уулзалт хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй. Цаашид БНСУ бүс нутаг дахь манай улсын ойрын түнш орны хувьд, Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийллээ. Мөн Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэл эрмэлзэлтэйг дурдаж, энэ нь бүс нутгийн интеграцид нэгдэхэд чиглэсэн манай бодлогын нэг томоохон зорилт гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг болохыг УИХ-ын дарга З.Энхболд хэлж байлаа. Манай хоёр улсын Засгийн газар нь иргэдийнхээ зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлээр нилээд алхмууд хийгдэж ирсэн. Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид иргэдээ харилцан визгүй зорчуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийд хандан хэллээ. Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий энэ удаагийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа хэлэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хандан “Хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Монгол Улс болон БНСУ нь олон улсын тавцанд ойр хамтран ажилладаг. БНСУ уул уурхай баялаггүй боловч хүн ам ихтэй. Харин Монгол Улс байгалийн эрдэс баялаг ихтэй. Хүн ам цөөнтэй. Бид цаашид хоёр орны онцлог болон хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан улам гүн гүнзгий хамтран ажиллана гэдэгт итгэдэг. УИХ-ын даргын хөндсөн визний асуудлыг анхааралдаа авч ажиллана. Монгол иргэдийн визний асуудлаар Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай визний асуудлаар ажлууд хийгдэж байна ” хэмээн уулзалтын үеэр ярилцлаа.
УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр /2014.03.13/ Солонгосын Аж үйлдвэрийн комплексийн корпорацид зочилж, өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлагаас хуваалцсан. Аж үйлдвэрийн комплексийн корпорацийн ТУЗ-ийн дарга Кан Нам Хүн болон Аж үйлдвэрийн комплексийн корпорацийн Сөүл дэх төвийн захирал Чой Жон Тэ нар УИХ-ын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. БНСУ-ын Аж үйлдвэрийн цогцолборын түүхийг бүтээсэн, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, гадаад худалдааны эргэлт, аж үйлдвэрийн салбарын өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Аж үйлдвэрийн комплексын корпорацид хамрагдаж буй 800 гаруй аж үйлдвэрийн цогцолбор нь БНСУ-ын нийт бүтээгдэхүүний 66 хувь, экспортын 76 хувь, ажил олгогчдын 44 хувийг эзэлж байгаа нь БНСУ-ын эдийн засгийн гол хүчин зүйл, тулгуур болж байгааг тодорхой харуулж байна гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Мөн “Монгол Улс байгалийн баялагтаа тулгуурлан хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн цогцолбор бий болгох, уул уурхай нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэргүүн зорилт тавьж, төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг 2010 онд батлан ажиллаж байна. Өндөр технологийн аж үйлдвэр нь Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүчин зүйл хэмээн үзэж төрөөс онцгойлон дэмжиж байгаа” гэж уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-д хийх албан ёсны айлчлалын хөтөлбөрийн дагуу /2014.03.13/ БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус хүрээлэнгийн захирал Ли Бен Гвон УИХ-ын дарга З.Энхболдыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэхийн сацуу тус хүрээлэн манай улстай 2002 оноос хойш хамтран ажиллаж байгааг дурдав. БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэн 1966 онд анх байгуулагдсан бөгөөд тухайн үед нэг хүнд ноогдох ДНБ 100 ам.доллар хүрэхгүй байсан хэдий ч төр засгаас зоригтой шийдвэр гаргаж, Шинжлэх ухаан технологийн хүрээлэнг байгуулсан нь өнөөдрийн БНСУ-ын үсрэнгүй хөгжлийг авчрах алсын хараатай бодлого байсныг онцлон хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд “Цаашид хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэлээд хоёр улсын хоорондын Шинжлэх ухааны боловсролын төв байгуулахаар ярилцаж байгаа. Энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, үндэсний баялгийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг эрдэмтэн судлаачдад өндөр амжилт хүссэнээр уулзалт өндөрлөсөн юм.
УИХ-ын дарга З.Энхболд болон Монгол-Солонгосын эдийн засгийн форумын тэргүүн УИХ-ын Г.Батхүү болон Монголын талын төлөөлөгчид /2014.03.13/ хоёр орны бизнес форумд оролцлоо. Энэхүү форумын зорилго нь Монгол болон БНСУ-ын хоорондын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Хоёр талын бизнесийн төлөөлөгчид форумын үеэр санал солилцож, БНСУ-ын компаниуд эдийн засгийн боломж туршлага, техник технологи мэргэжилтэй боловсон хүчний чадавхаараа Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ зах зээл байгааг уялдуулан хамтран ажиллах бололцоогоор хангаж холбох нь энэхүү форумын зорилт болохыг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолж байв. Мөн тэрээр, Монгол Улс уул уурхай, мал аж ахуй голлосон орноос үйлдвэржилт, дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн, газар нутгийн байршлын онцлог дээрээ суурилсан орон болон хөгжихөд БНСУ-ын туршлага, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байгааг хэлж байв.
Монгол-Солонгосын бизнес форум нь хоёр орны бизнесийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, хамтран ажиллаж байгаа хоёр талын компаниудын эрх ашгийг хамгаалах, Солонгосын талын өндөр технологийг Монголд нэвтрүүлэхэд анхаарч байгаа талаар форумын үеэр яригдлаа. Форумын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХХК, БНСУ-ын “Dailin corporation” компанитай хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.
Түүнчлэн УИХ-ын дарга /2014.03.13/-нд БНСУ-ын Генги мужийн Намянжу хотын Жоанмен хошуунд байрлах 1,323,113 кв.метр талбайд байрлах студийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү студи нь бүрэн хэмжээний киноны зураг авалт хийх боломжтой БНСУ дахь цорын ганц студи бөгөөд "Монгол кино" нэгдлийн дарга Ж.Солонго болон албаны бусад төлөөлөгчид энэ үеэр сонирхсон асуултуудаа Солонгосын талын мэргэжилтнүүдээс асууж байв. Энэхүү студийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь цаашид Монгол контент, дэлгэцийн бүтээлд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, материаллаг баазаар хангах тал дээр БНСУ-тай хамтран ажиллах зорилготой болохыг "Монгол кино" нэгдлийн төлөөлөгчид санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөсөн юм.
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалын хугацаанд /2014.03.14/ Пусан Жинхэ-гийн эдийн засгийн чөлөөт бүсэд зочиллоо. УИХ-ын даргыг эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн угтан авч, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Пусан Жинхэ-гийн эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд боловсрол, анагаах ухааны салбар луу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах зорилт тавьдаг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө олон улсын нисэх буудал, төмөр зам, хурдын зам, боомтын хөгжилд онцгойлон анхаарч байгаагаа хэлэв. БНСУ-д нийт найман эдийн засгийн чөлөөт бүс байдаг бөгөөд Пусан Жинхэ эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд Зүүн хойд Азийн 1.5 тэрбум хүн амьдардаг Япон, БНХАУ-тай хил залган оршдогоороо онцлог. Пусан Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүсийг Засгийн газрын шууд оролцоотойгоор 2003 онд байгуулсан. Энэхүү чөлөөт бүсд 1000 гаруй үндэсний компани, 100 гаруй АНУ-ын компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг УИХ-ын даргад танилцууллаа.УИХ-ын дарга Пусан Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүсд компани байгуулахын давуу талын талаар асуухад чөлөөт бүсийн захиргааны дарга Со Сөк Сүн хариулахдаа “Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд, гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн голлон анхаардаг зүйл бол нэгдүгээрт: татварын хөнгөлөлт, хоёрдугаарт: санхүүгийн дэмжлэг гэдэг хоёр асуудалд онцгой анхаардаг. Жишээ нь Сөүл хотод компани нээхээс илүү татварын болон бусад хөнгөлөлтийг үзүүлдэгээ давуу талтай” гэсэн юм. Иймээс хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгаа орон эрсдэл ихтэй хирнээ, ашиг төдий хэмжээнд олж чадах орныг гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг улс гэж хэлнэ. Монгол Улс амжилттай бодлогоор эдийн засгийн чөлөөт бүсийн орчинг бүрдүүлж буй гэдэгт итгэж буйгаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
УИХ-ын дарга айлчлалынхаа гурав дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Хууль бусаар 7785 манай улсын иргэн Солонгост ажиллаж байгаа гэсэн статистик дүн байгаа. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш мөн. Шинэ Засгийн газрын бодлогын хүрээнд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам БНСУ дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын иргэд солонгосын виз авахын тулд барьцаа хөрөнгө болгож 7-14 сая төгрөг шаарддаг болсон. Иймээс энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж, БНСУ-ын төр засгийн удирдлагуудтай хэлэлцсэн. Мөн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам буурч байна. Учир нь Монгол Улсад цалин хөлс нэмэгдэж, ажлын байр шинээр болж байгаатай холбоотой гэлээ. БНСУ дахь монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа. БНСУ-д ажилладаг залуучуудыг “архи уудаггүй, ажлын цаг барьдаг, сахилга баттай” гэсэн гурван зарчимтай болдог гэдгийг УИХ-ын дарга онцлов. Ингээд хөдөлмөрч, бүтээлч монголчууд эх орондоо ирж, үйлдвэр байгуулж, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор хөдөлмөрч монголчуудыг эх орондоо ирж бүтээн байгуулалт хийхийг уриалав. Эх орондоо бүтээн байгуулалт хийх, үйлдвэр байгуулах иргэдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хууль тогтоох дээд байгууллагаас шийдвэрлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын санаачилгаар 2014 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд БНСУ-д Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сургалтад хамрагдав. БНСУ-ын Үндэсний Ассамблейн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ён Хо Ли УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон сургалтыг нээж сэтгүүлчдийг хүлээн авч уулзлсан. Тэрээр хэлэхдээ, “Мэргэжил нэгт Монголын төлөөлөгчид Үндэсний Ассамблейг сурвалжлах сэтгүүлчид хэрхэн ажиллаж буй талаар сургалтад хамрагдаж байгаад талархаж байна. Монгол, Солонгос хоёр улс нь өнө эртний түүхтэй бөгөөд жил ирэх бүр хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжин тэлж байгаад баяртай байна. Сэтгүүлч хүн гэдэг иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх гол суваг болдог учраас хариуцлагатай басхүү асуудлын голыг харж, хоёр талын байр суурийг үргэлж хүндэтгэн ажиллах нь чухал” болохыг онцоллоо. Сэтгүүлчид Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар лекцэд хамрагдаж, парламентын түүхийн музейг үзэж сонирхсон юм.
УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.