
ЮНЕСКО-гийн төв байранд болсон Итгэмжлэх захидал барих ёслолд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Эрик Фолт нарын албаны хүмүүс, мөн БТГ-ын төлөөлөл байлцав.
Итгэмжлэх захидлыг гардсаны дараа Ерөнхий захирал Ирина Бокова Элчин сайд, Байнгын төлөөлөгч М.Батсайханыг хүлээн авч уулзаж Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч М.Батсайхан Ерөнхий захирал Ирина Боковад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд нарын мэндчилгээг уламжилав.
Уулзалтаар манай улсын санаачлагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолыг хэрэгжүүлэх, Бичигтэн болох асуудлаар Дэлхийн түншлэл байгуулах ЮНЕСКО-гийн санаачилгыг урагшлуулах, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад манай улсын байгаль, соёлын үнэт өвийг шинээр бүртгүүлэх, Улаанбаатар хотноо төвтэй ЮНЕСКО-гийн ивээл дэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах, ЮНЕСКО-гийн НБДГ-т мэргэжлийн чадварлаг монгол иргэдийг ажиллуулах зэрэг хамтын ажиллагааны олон чиглэл, асуудлаар ярилцаж санал солилцов.