
Украины бухимдал
Украины эрх баригчдын зүгээс Крымд явагдсан санал асуулгын үр дүнг эсэргүүцэж, ОХУ хойгт байршуулсан цэргийн хүчээрээ айлган сүрдүүлж, иргэдийн сонголтод нөлөөлсөн буруутгажээ. Украины Ерөнхий сайд Арсений Яценюк ням гаригт /III.16/ ууртай мэдэгдэл хийж, Крымын улстөрчдийг салан тусгаарлагчдын “толгойлогчид” хэмээгээд ОХУ-ын цэргийн сүр дор Украины тусгаар тогтнол аюул учруулсанд буруутгасан байна. Мөн АНУ, Европын холбоо ч Украинтай санал нэгтэйгээр Крымын санал асуулгыг хууль бус хэмээцгээж байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин крымчүүдийн хүслийг хүндэтгэн үзэхээ мэдэгдэж, бүх нийтийн санал асуулгыг хууль ёсны гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Крымын санал асуулгын өмнөх өдөр /III.15/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, санал асуулын үр дүнг олон улс хүлээн зөвшөөрөхгүй байх тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн 13 гишүүн дэмжсэн байна.
ОХУ-ын хүсэл сонирхол
Нэгэнт Украиныг хараандаа байлгаж чадахгүй болсноо мэдсэн Владимир Путин 60 орчим жилийн өмнө Украинд шилжүүлэн өгсөн Крымын хойгийг буцаан авахаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш улайрах болсон юм. Учир нь, Крымын хойгт ОХУ-ын Хар тэнгисийн флот байрладгаас гадна Украинаас гадна Крымыг хүртэл баруунд алдвал НАТО-той хил залгахад хүрэх билээ. Иймд Крымын бүх нийтийн санал асуулгыг ОХУ бүх талаар дэмжиж байв. Түүнчлэн Крымын санал асуулгатай холбоотойгоор ОХУ Крымын хойг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, сонор сэрэмжээ эрс сайжруулсан байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт /III.14/ Крымд ОХУ-ын армийн 18400 цэрэг байрлаж байв. Түүнчлэн ОХУ, Украины Батлан хамгаалахын сайд нар энэ гуравдугаар сарын 21-нийг хүртэл түр эвлэрэл зарлаад байгаа аж. Крым дэх Украины баазад хэсэг цэрэг ОХУ-ын армийн цэргүүдийн бүслэлтэнд удаж буй билээ.
Украин ба Крымын хямралын үндэс
Киевт өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхийн төлөөх жагсаал, цуглаан газар авч эхэлсэн юм. Энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзан, Киевт 15 тэрбум ам.долларын тусламжийн гэрээ санал болгосноор Европын холбоонд нэгдэхгүй байх түүний шийдвэрийг баталгаажуулсан. Гэвч энэ нь украинчуудын дургүйцлийг улам бадрааж, Киевийн эсэргүүцэл бослого, үймээнд хүрч, 100 орчим хүн амиа алдсан сөргөлдөөн үүссэн билээ. Үүний улмаас өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Виктор Янукович Киевийг орхин, ОХУ руу зугтсанаар Путин Украиныг тавиад туучих шиг болсон юм. Харин ОХУ-ын дараагийн үйлдэл нь Украины автономит бүс Крымийн хойгийг онилж, Хар тэнгисийн флот дахь цэргийн хүчээ аажмаар нэмэгдүүлж эхэлсэн юм. Улмаар Крымын эрх баригчдыг өөрийн талд ятгажээ. Ийнхүү Крымын захирагчид ОХУ-ын харъяанд эргүүлэн нэгтгэх шийдвэр гаргаж, ард иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга зарласан билээ. Хэдийгээр Крымын санал асуулгын үр дүн ОХУ-ын талд гарсан боловч Путин хойгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.