
Тоглолтын дараа “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэйвид Мойес:
-Шүүгч хэд, хэдэн удаа буруу шийдвэр гаргалаа. Гэхдээ “Ливерпүүл” манай багаас илүү байлаа гэжээ.
Харин “Ливерпүүл” багийн дасгалжуулагч Брэндон Рожерс:
-Бид хөгжиж буй баг. “Манчестер Юнайтед” багийн эсрэг гайхамшигтай сайн тоглолоо. Гэхдээ “Ливерпүүл” бол английн “Премьер лиг”-ийн түрүүлэх магадлалтай гол баг нь биш гэдгийг онцолсон байна.
Мөн английн “Премьер лиг”-ийн 30 дугаар тойргийн тоглолтод лигийг тэргүүлэгч “Челси” “Астон Вилла” багийн талбайд зочлон барсангүй 1:0-ийн харьцаатай хожигдлоо. Тоглолтын 82 дахь минутад “Астон Вилла”-гийн хагас хамгаалагч Фабиан Делф гоол оруулж, 109 жилийн төрсөн өдрөө тэмдэглэж буй “Челси” багийг хожигдолтой, оноогүй нутаг буцаасан юм.
Тоглолт тун ширүүн уур амьсгал дор өрнөж, “Челси” багийн Виллиан 68, Рамирес 90+4 дэх минутад хоёр дахь шар хуудсаа авч, талбайгаас хөөгдсөн юм.

30 дугаар тойргийн бас нэгэн сонирхолтой тоглолт Лондоны “Тоттенхэм” болон “Арсенал” багуудын хооронд өрнөсөн. Энэ хоёр багийн тоглолтыг хойд Лондонгийн дерби гэж нэрлэж болно. Энэхүү тоглолтод хоёр дахь минутад Томаш Росицкийн гоолоор “Арсенал” өрсөлдөгчөө хожсон юм.
Английн “Премьер лиг”-ийг 30 тойргийн дараах байдлаар 66 оноотой “Челси” тэргүүлж байна. Харин 62 оноотой “Ливерпүүл”, “Арсенал” багууд тэргүүлэгчийг нэхэж байна. Мөн 27 тоглолтод оролцсон “Манчестер Сити” 60 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Хэрвээ “Манчестер Сити” нөхөж тоглох гурван тоглолтдоо хожвол лигийг ганцаар тэргүүлэх боломж байна.
Харин өнгөрсөн жилийн аварга “Манчестер Юнайтед” баг 48 оноотой долдугаар байрт бичигдэж байна.
Мэргэн буучийн жагсаалтыг “Ливерпүүл” багийн мэргэн бууч Луйс Суарес 25 гоолтой, Даниел Стариж 18 гоолтойгоор тэргүүлж байна.