Чөлөөтийнхөн тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн тавдугаар байрт шалгарлаа

2014 оны чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Лос Анжелес, Японы улсын Токио хотноо гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.

АНУ-ын Лос Анжелес хотноо болсон эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд манай баг тамирчид тавдугаар байрт шалгарлаа. Манай чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид 12 жилийн дараа Дэлхийн цомд өрсөлдөж, тавдугаар байрт шалгарлаа. 2014 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд Олон улсын бөхийн төрлүүдийн холбооны /ФИЛА/ чөлөөт бөхийн чансааг тэргүүлэгч Ираны баг тамирчид түрүүллээ. Харин шигшээ барилдаанд Иранд ялагдсан ФИЛА-гийн чөлөөт бөхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж ОХУ аман хүзүүдэж, дэлхийн чансааны тавдугаар эрэмбэтэй АНУ нутагтаа гуравдугаар эзэллээ.  

Эрэгтэй багуудын "Дэлхийн цом"-д байр эзэлсэн байдал:

Нэгдүгээр байр: Иран
Хоёрдугаар байр: ОХУ
Гуравдугаар байр: АНУ
Дөрөвдүгээр байр: Украин
Тавдугаар байр: Монгол
Зургаадугаар байр: Энэтхэг
Долоодугаар байр: Турк
Наймдугаар байр: Япон
Есдүгээр байр: Гүрж
Аравдугаар байр: Армен

Манай баг тамирчид тавдугаар байрын төлөө Энэтхэгийн баг тамирчидтай өрсөлдсөн. Өмнөх барилдаанд өвдөгний холбоос гэмтсэн Б.Номинг багш нар нь барилдуулахгүй гэсэн ч өөрөө гуйсаар байгаад дэвжээнд гарчээ. Гэвч өрсөлдөгч дэлхийн аваргын хүрэл медальт Амит Кумар манай хүний өвчтэй хөлийг авч, мэх хийж байсан тул багш нар Б.Номинг дэвжээнээс буулгажээ. Эхний ялалт Энэтхэгийнх болов. Монголын ирээдүйтэй залуу тамирчныхаа гэмтлийг хүндрэхээс болгоомжилж, дэвжээнээс буулгах нь зөв гэж үзжээ. Хоёр дахь барилдаанд ОУХМ Э.Ням-Очир хүч үзэж, нэг оноогоор хожигдож байгаад барилдааны төгсгөлд ялалтын оноо авч 6:5-ын харьцаатай яллаа. Э.Ням-Очир эхний ялалтыг эх орондоо авчирлаа.

65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран өрсөлдөгчөө илүүрхэн, боломж олголгүй 11:0-ийн харьцаатай оноогоор яллаа. Дараагийн барилдаануудад Б.Анхбаяр, П.Өнөрбат нар өрсөлдөгчдөө ялагдлаа. Ингэснээр Энэтхэгийн бөхчүүд 3:2-ын харьцаатай хошуучилж эхэллээ. Харин тун эгзэгтэй энэ үед 86 кг-ын жинд өрсөлдсөн О.Үйтүмэн өрсөлдөгчөө ялж,  чухал ялалтыг авчирсан юм. Дараагийн барилдаанд Д.Хүдэрбулга өмнөх барилдаануудаа бодвол тун сайн барилдаж, өрсөлдөгч бөхөө 3:1-ийн харьцаатай оноогоор ялан багийнхаа ялалтыг баттай болголоо. Энэтхэгчүүд хүнд жинд бөхчүүдээ барилдуулаагүй юм.

Харин Япон улсын нийслэл Токио хотноо болсон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд Монголын баг тамирчид тавдугаар байрт шалгарлаа. Аваргын алтан медалийг ОХУ-ын багийг 8:0 онооны харьцаагаар ялсан японы баг хүртэж зургаа дахь удаагаа Дэлхийн цомыг өргөлөө. Харин хүрэл медалийг БНХАУ Канадын багийг 6:2 онооны харьцаагаар ялж, хүрэл медаль хүртлээ. Манай чөлөөт бүсгүйчүүд АНУ-ын багийг 4:4 онооны харьцаагаар дийлж тавдугаар байрт шалгарсан. Монголын тамирчид 2013 онд Монгол Улсад болсон Дэлхийн цомын тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн билээ.  

Эмэгтэй багуудын "Дэлхийн цом"-д байр эзэлсэн байдал:

Нэгдүгээр байр: Япон улсын баг
Хоёрдугаар байр: ОХУ-ын баг
Гуравдугаар байр: БНХАУ-ын баг
Дөрөвдүгээр байр: Канад улсын баг
Тавдугаар байр: Монгол улсын баг
Зургаадугаар байр: АНУ-ын баг
Долоодугаар байр: Унгар улсын баг
Наймдугаар байр: Украин улсын баг

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид
Дэлхийн цомд өрсөлдсөн байдал: 

Хэсгийн барилдаанууд:

    Монгол – АНУ

48 кг: Э.Нарангэрэл – Виктория Антиния, 6:6, манай бөх ялсан.
53 кг: Э.Сумьяа – Хэлэн Мариус, манай бөх цэвэр ялагдсан.
55 кг: С.Бямбацэрэн – Кеслей Кэмпэлл, өрсөлдөгч бөх нь дэвжээнд гараагүй.
58 кг: С.Цэрэнчимэд – Аллисон Маркензи, 6:8
60 кг: Т.Мөнхтуяа – Женнифер Пейжи, 15-5
63 кг: О.Насанбурмаа – Елена Пирожкова, 4-5
69 кг: Б.Одончимэг – Вероника Карллсон, 4:3
75 кг: О.Бурмаа – Аделина Грей, 4:5

    Монгол – Украин  

48 кг:Э.Нарангэрэл – Илона Семкив, 5:0
53 кг: Э.Сумьяа – Юлия Благина, 10-6
55 кг: С.Бямбацэрэн – Лариса Скоблюк, 16-4
58 кг: С.Цэрэнчимэд – Татьяана Омельченко, манай бөх цэвэр ялсан.
60 кг: Т.Мөнхтуяа – Татьяна Лавренчук, 8-3
63 кг: О.Насанбурмаа – Карина Станкова, 8-2
69 кг: Б.Одончимэг – Оксана Ващук, украиний бөх дэвжээнд гараагүй.
75 кг: О.Бурмаа – Катерина Сасса, 13-2

    Монгол – ОХУ 

48 кг Э.Нарангэрэл – Валерия Чепсаракова, манай бөх цэвэр ялагдсан.
53 кг Э.Сумьяа – Мария Гурова, 9-6
55 кг С.Бямбацэрэн – Ирина Ологонова, 3-0
58 кг С.Цэрэнчимэд – Жаргалма Цыренова, 5-3
60 кг Т.Мөнхтуяа – Светлана Липатова, 6-9
63 кг О.Насанбурмаа – Инна Тражукова, 5-8
69 кг Б.Одончимэг – Наталья Воробьева, манай бөх цэвэр ялагдсан.
75 кг О.Бурмаа – Екатерина Букина, 0-3

Тавдугаар байрын төлөөх барилдаан:

    Монгол – Канад

48 кг Э.Нарангэрэл – Жесика МакДональд, 10:0
53 кг Э.Сумьяа – Ванесса Браун, 8-1
55 кг С.Бямбацэрэн – Жулиан Галейс, 1-8
58 кг С.Цэрэнчимэд – Брэкстон Стоун Пападопулус, 13:6
60 кг Т.Мөнхтуяа – Мишель Фаззари, 1-4
63 кг О.Насанбурмаа – Даниель Лаппаже, 1:11
69 кг Б.Одончимэг – Доротти Йетса, 5:6
75 кг О.Бурмаа – Эрика Вейбе, 4:14

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж