УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцалсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцалсан уу?

УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах төлөвтэй байсан ч цуцлагдаж магадгүй болжээ. Хэвлэлүүдэд бичсэнээр энэ сарын 24-25-нд Эдийн засгийн форум товлогдсон тул УИХ-ын ээлжит бус чуулганыг  цуцална  хэмээн мэдээлээд байна. Энэ талаар бид УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцлах болсон тухай мэдээлж байна. УИХ-ын дарга энэ талаар шийдвэр гаргачихсан юм уу. Эдийн засгийн форумтай УИХ-ын ээлжит бус чуулган давхцаж байгаа учраас цуцлагдана гэх?

-Одоогоор УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах болон цуцлахтай холбоотой захирамж гаргаагүй байна. Эдийн засгийн форум жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг, тэр дагуу болдгоороо болно.

-Ээлжит бус чуулганыг зарлахгүй байгаа нь ямар учиртай юм бол. Нэгмөсөн УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголоо хэлэлцэхээр шийдээд байгаа юм болов уу?

-УИХ-аас 200 гаруй обьектын хөрөнгө оруулалтыг царцааж, Үндэсний аудитын газар шалгалт хийсэн. Саяхан шалгалтын дүнгээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тус байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгээс дээрх асуудалтай холбоотой дүгнэлт гаргаж УИХ-д оруулж ирнэ. Түүнээс хамаарч УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх тодорхой болно.

-Ойрын хугацаанд УИХ-ын даргын зөвлөл хуралдах уу?

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргачихвал УИХ-ын даргын зөвлөл хуралдана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж