
Энэ оны 2 дугаар улиралд БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек, Гадаад хэргийн сайд А.Давутолу нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх, хоёр улсын Гадаад хэргийн яамдын хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт, консулын уулзалт хийх, Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, бизнес уулзалт зохиох зэрэг хэд хэдэн томоохон ажил, арга хэмжээ төлөвлөж байгаа тухай хоёр тал ярилцаад тэдгээрийг үр дүнтэй, сайн зохион байгуулахын тулд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар тохиролцов.
Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод орон сууцны хорооллыг барьж эхлүүлэх, хөнгөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх, арьс ширний салбарт Туркийн хөрөнгө оруулалт, технологийг оруулах, эл зорилгоор бизнес уулзалт хийх, Туркийн арьс ширний өдрүүд зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Элчин сайд Б.Батхишиг Азийн орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор шинээр томилогдсон ноён Али Кемал Айдынд баяр хүргээд, цаашид хоёр улсын харилцааг улам өргөтгөн хөгжүүлэх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.