“Дэлхийн цом”-ыг зорьсон монголчуудын тулаан

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-ыг зорьсон монголчуудын тулаан

АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотноо чөлөөт бөхийн Дэлхийн цомын эрэгтэй багийн 42 дахь удаагийн тэмцээн "Форум" ордонд өнөөдөр эхэллээ. 1973 оноос эхлэн жил болгон зохиогдож ирсэн энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний 10-т шалгарсан багууд оролцдог. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад манай Монголын эрэгтэй баг шилдэг наймд шалгарч Дэлхийн цомд оролцох болзлыг биелүүлсэн билээ. Манай бөхчүүд Дэлхийн цомд хамгийн сүүлд 2002 онд оролцож дөрөвдүгээр байр эзэлж байсан бөгөөд энэ жил уг тэмцээнд зургаа дахь удаагаа оролцох гэж буй нь энэ. Манай чөлөөтийнхөн маань 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль Дэлхийн цомоос хүртэж, 1986, 2002 онд дөрөвдүгээр байрт шалгарч байсан түүхтэй. Дэлхийн шилдгүүд дундаас шилдгээр шалгарч аваргалах хувь энэ олон жилийн турш ердөө л тавхан оронд олдсон бөгөөд ЗХУ-ОХУ нийтдээ хамгийн олон буюу 21 (15+ 6) тэргүүлж, АНУ 13, Иран дөрөв, Азербайжан хоёр, Куба нэг удаа түрүүлжээ, Дэлхийн цомд.

Энэ жилийн тэмцээнд Иран, ОХУ, Гүрж, Украин, АНУ, Энэтхэг, Япон, Монгол, Армен, Турк гээд шилдэг 10 баг оролцох бөгөөд “А” хэсэгт Иран, АНУ, Энэтхэг, Армен, Турк, “Б” хэсэгт ОХУ, Украин, Гүрж, Японы баг хүч үзэж байна.

Тэмцээний салхийг хагалан "А" хэсгийн АНУ- Армен, Энэтхэг-Туркийн багууд халз өрсөлдлөө.

АНУ-ын багийн бүрэлдэхүүнд Лондонгийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Жордан Барроуз, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Длагнев нарын шилдгүүд багтсан бол Армений багт ихэвчлэн залуучууд иржээ. Харин Энэтхэгийн шигшээг дэлхийн аваргын хүрэл медальт Амит Кумар тэргүүлж, Туркийн багийн манлай бөх нь дэлхийн залуучуудын аварга С.Килишалян байв.

Дэвжээний эзэд Армений залуу багийг түүртэлгүй 7:1 -ээр буулган авсан бол Энэтхэг Туркийг 5:3-аар яллаа. Хоёрдугаар тойрогт Америкийн баг Энэтхэгийг 6:2 бас л давамгайлан ялсан. Барроуз хоёр барилдаандаа хоюуланд нь илт давамгайлж, зангарагаа харуулсан. Дараа нь маш олон хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн доор Ираны бөхчүүд Арменийг "өвдөг шороодолгүй" 8:0-ээр арчлаа.

Ингээд манай бөхчүүдийн учраанууд бүхий "В" хэсгийн барилдаанууд эхлэхэд Монголынхоо далбааг намируулсан үзэгчид нилээд олон болсон харагдана. Тэдний дотор цагтаа алтан соёмбот далбаагаа тив, дэлхий, олимпод мандуулж явсан чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аварга Л.Сэргэлэнбаатар, ОУХМ Б.Жавхлантөгс, ОУХМ Болдсүх, ОУХМ Энхтөр, спортын мастер Баяараа гээд "чөлөөтийн" Америкт суугаа "төлөөлөгчид" ирсэн харагдана.

Манай бөхчүүдийн эхний учраа дэлхийн хүчтэнүүдийн тоонд зүй ёсоор орох Оросын баг. Олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов, дэлхийн хошой аварга В.Лебедев, залуучуудын дэлхийн аварга Цабалов гээд хүчтэй л баг ирж. Ер нь Оросын бөхчүүд хэзээ ч хүчтэй байдаг хойно доо. Барилдааны өмнөхөн манай багийн ахлагч, ССТ-ийн дарга, дэлхийн аваргын хошой медальт , гавьчат тамирчин Б.Наранбаатар, ахлах дасгалжуулагч , дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр нараас ямар зорилт, бодолтой байгааг асуухад хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан ч үзүүштэй, сайхан барилдаан үзүүлнэ гэж байв. Нууцгүй хэлэхэд "орос байвгайнуудаас" манайхан ганц нэг ялалт авч чадах болов уу л гэсэн бодол үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн дунд төрж байсан болов уу, надад л лав тийм л тэгж бодогдож байлаа. Монголынхоо бөхчүүдийг яг дэргэдээс нь хараагүй, барилдааныг нь дэвжээний хажуугаас "амьдаар" нь үзэлгүй олон жил болсон болохоор таамаг дэвшүүлэх ч боломж , багацаа муутай байлаа. Хамгийн сүүлд 2002онд АНУ-ын Вашингтон мужийн Спокэйн хотноо болсон Дэлхийн цомд манайхан багаараа 4 дүгээр байрт ороход л сурвалжилж байсан юм байна.

За харин одоо дэвжээн дээр "юу болоод өнгөрснийг" товч өгүүлсү.

ОХУ- МОНГОЛ 4:4

57 кг-ийн жинд манай Б.Номин маш сайхан зоримог, нягт барилдаан үзүүлж, дэлхийн хошой алт, нэг хүрэл медальт В.Лебедевийг 10:6 оноогоор ялснаар багтаа тун чухал ялалт, маш их итгэл авчирсаан. 61 кг-ийн жинд Э.Ням-Очир өрсөлдөгчдөө 4:12 оноогоор ялагдаж багийн дүн 1:1 болсон. 65 кг-д дэлхийн аваргын хурэл медальт Г.Мандахнаран Эмеевийг 4:0-ээр ялснаар манайхан 2:1ээрдахин хошуучилж эхэлсэн. Мандахнарангийн ялалтыг бол бараг л бүгд тооцоолсон байсан байхаа. 70 кг-ийн жинд манай Б.Анхбаяр Р. Шамсутдиновыг 6:1-ээр ялснаар манайхан багаараа ялах боломж гарч ирсэн. 74 кг-д П.Өнөрбатад ялалт авах боломж байсан ч өөрийгөө бүрэн дайчилж чадалгүй, алдаа гарган 5:11-ээр хожигдов. Багийн дүн 3:2, манайх тэргүүлсэн хэвээр. 86 кг, 97 кг-ийн жинд барилдсан О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар хоюулаа ижил оноогоор цэвэр ялагдсан нь эцсийн дүнд ихээхэн нөлөөлсөн. Хариуцлага, туршлага, итгэл дутлаа, манай энэ хоёрт. Ялагдаж болно, дайчин сайхан үзээд, шийдсэн юм хийгээд, ядахдаа нэг оноо аваад ялагдсан бол… 97-д бол өнөөх айхтар Гацалов нь уг нь барилдаагүй Байсаев нь гарсан юмсан.

Одоо ОХУ-ууд 4:3 -аар манай урд анх удаагаа гарсан. Хамгийн сүүлд 125кг-ийн жинд Ж.Чулуунбат өгөө аваатай барилдаан үзүүлж, 6:6-аар тэнцсэн ч онооны чанараар манай бөх ялж, хоёр багийн халз барилдааны дүн 4:4 болон тэнцсэн. Тэмцээний журмын дагуу ялалтын тоо тэнцсэн тохиолдолд цэвэр ялалт, оноогоор уэвэр ялсан тоо, нийт оноо гэх мэт нэмэлт үзүүлэлтиыг харгалзан ялалтыг шийдэх журмыг үндэслэн ОХУ-ын бөхчүүд ялалтыг авсан. Ийнхүү манайхан дэлхийн шилдэг баг болох Оросын багтай тэнцсэн нь эхний өдрийн хамгийн томоохон "сенсаац" боллоо. Хэзээл байхдаа манайхан Оросын бөхчүүдтэй ингэж барилдаж байлаа даа. Бүүр ялах боломж ойрхон байсан, бололцоотой юм билээ гэдгийг дэргэдээс нь харсны хувьд хэлэх байна. Манай бөхтэй барилдсан нэг бум Оросууд бүүр "мах" болоод дэвжээнээсээ арай ядан амран, суун байж бууж байхыг анх удаагаа харлаа.

"Алт", "мөнгөн" үедээ дэлхийн дэвжээг эзэгнэнхэн байсан манай эрэгтэй бөхчүүд "ширгэж буй" гол шиг л амжилт нь багассаар олон жилийн турш уналтад орсныг бид мэднэ. Харин сүүлийн нэг, хоёр жилд дахин сэргэж, өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас медаль, шагналт байр хэд хэдийг хүртэж, багаараа наймд шалгарч 2002 оноос хойш анх удаагаа манай эрэгтэй баг Дэлхийн цомдоролцох эрх авсан нь шинэээр бүрдсэн шигшээ баг, багш дасгалжуулагчид зөв замаар явж буйг нотолсон. Тэгвэл энэ удаа үүнийгээ дахин харуулж байна даа гэж Оросын багтай хийсэн барилдааны дараа бодогдож суулаа.

Манайхныг Оростой үзэлцэж байхад нөгөө дэвжээн дээр манай хэсгийн Япон Гүржийн багийг 5:3-аар хожсон байв. Хоёрдугаар тойрогт манайхан Японы багтай халз барилдсан.

МОНГОЛ-ЯПОН 4:4

Арлын орны бөхчүүдийг бол манайхан ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Манай Б.Номин эхлээд Моришитатай барилдааны төгсгөлд алдаа гарган 6:7 -оор ялагдчихлаа. Харин Ням-Очир маань өрсөлдөгчөө өргөж шидээд цэвэр ялалтыг урамтай авсан. Японы бөх унахдаа дагзаараа савж унасан тул эмчийн тусламж авч байж боссон. Ингээд 1:1 болсон үед манай гол найдвар Мандахнаран маань харин Такатанид 12-2 оор хожигдон, багаа хүнд байдалд орууллаа. Гавьяатын араас барилдсан Анхбаяр ч дагаад 1:11-ээр ялагдчихлаа. Багийн дүн 1:3 "самуурайнууд" илүү болсон. Оросын багтай хийсэн хүндхэн барилдааны дараа шууд Японтой барилдаж буй болохоор манайхан сэргэлт сайн авч амжаагүй байж ч болох. Бөхийн хэлээр бол манай баг "нуман тулгуурт" орлоо. Гэхдээ манай ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр бол өөрөө хэвтээ барилдааныг уран гоё хийдэг, хувилбар, угсраа мэхний гайхамшигийг үзүүлдэг байсан хүн нэг арга бодох байхаа.

Өнөрбат өрсөлдөгчөө 3:2 оноогоор ялж, хэрэгтэй чухал оноо нэмэрлэсэн багтаа, хүнд үед. Гэвч дараа нь Үйтүмэн 4:8 -аар ялагдсанаар багийн дүн 2:4 болж, бүүр "даралтад" ороод явчихлаа манайх. Одоо үлдсэн хоёржинд заавал ялах, тэгэхдээ бүүр цэвэр ялах, оноогоор цэвэр ялах, техникийн оноо алдахгүй байх "эх орны даалгавартай" болов. Эхний даваанд тун тааруу барилдсан Хүдэрбулга 10:0-оор оноогоор цэвэр, Чулуунбат өрсөлдөгчдөө оноо алдалгүй 4:0-ээр ялснаар хоёр багийн ялалт 4:4 болж тэнцсэн чнэмэлт үзүүлэлтээр ялалт манайд ирлээ.

Нөгөө дэвжээн дээр энэ үед ОХУ-Украиний багууд халз өрсөлдлөө. Америкууд "улс төржүүлэх" гээд л халуун тулаан болно гэж ирээд бичиж ярьж байсан ч Оросын дасгалжуулагч бөх, спортыг улс төрөөс ангид байлгах ёстой, улс төрийн нөхцөл байдлын тухай нэг ч асуултад хариулахгүй гэж шийдэмгий, зөв мэдэгдэл хийснээр "асуудлыг" шийдсэн. Украин ч энэ мэдэгдлийг дэмжсэн. Үнэндээ ч "бохир улс төр" бидэнд, спортоос хол байг.Эхний даваанд Монголын багтай хийсэн барилдаандаа дүгнэлт сайн хийсэн бололтой Оросууд Украинтай ямар ч хийгүй барилдаан хийн 7:1 -ээр хол хожсон нь "халуун тулаан" хүлээж байсан америкуудыг бүүр урамгүйболгосон байхаа.

МОНГОЛ-ГҮРЖ 5:3

Манай бөхчүүд Кипиани, Шенгелия нарын нутгийн бөхчүүдтэй барилдсан барилдаанд Номин 11-7, Мандахнаран 8-1, Анхбаяр 10-0, Өнөрбат 6:4, Үйтүмэн 11-0 ялж, Ням-Очир 7:11, Хүдэрбулга 2:5, Чулуунбат 1:4 оноогоор хожигдсон ч багаараа 5:3-ааритгэлтэй хожлоо.

"А" хэсэгт харин хэзээний "үзээтэй", тал таардаггүй Америк-Ираны багийн халз барилдаан энэ өдрийн төдийгүй энэ тэмцээний нэгэн "чимэг", бөхийн бас нэгэн гайхамшиг гэдгийг харууллаа. Ираны фэнүүд бол ордны бараг 70 хувь нь. Жинэхэнэ "гал гарсан", уран гоё барилдаануудыг Ираны, АНУ-ын бөхчүүд харуулсан. Ираны 74 кг-ийн бөх Акбари Америкийн бөх, дэлхийн хошой аварга, олимпийн аварга Жордан Барроузтэй барилдан яалт үгүй л туршлага, хүч , мэх дутагдан 7:1-ээр ялагдсан мөртлөө л олимпийн алтын төлөө ялагдсан мэт л уйлан, толгойгоо цохин сууж, дэвжээнээс арай гэж бууж байхыг харахад л "айлын хүүхдүүд" ялалтын төлөө, бүүр боломжгүй байхад л хичнээн их зүтгэж, тэмцэж буй нь ойлгогдоно. Ингэж л өөрийгөө хурцалж, дайчилж байж амжилтад хүрдэг вм байна. Ийм чанар манай тамирчдад суух хэрэгтэй. Ордныг "нураах дөхсөн", бөхийн гайхамшигийг олонд мэтрүүлсэн энэ "халзбас халуухан тулаанд" Ираны бөхчүүд 5:3 -аар хожин, финалд хүрэх замаа зассан.

Эхний өдрийн дараа "А" хэсгийг Иран 3-0 амжилтаар тэргүүлж, АНУ 2-1, Энэтхэг 2-1, Турк 1-2, Армен 0-4 явна. "Б" хэсэгт бол ОХУ 3-0, Монгол 2-1, Украин 2-1, Япон1-3, Гүрж 0-3 дүнтэй явна.

Одоо сүүлчийн тойрогт Иран-Энэтхэг, АНУ-Турк, ОХУ-Гүрж, Украин-Монгол барилдаан болно. Эндээс хамгийн сонирхолтой, хамгийн шийдвэрлэх барилдаан бол Монгол-Украин. Бусад нь бараг ойлгомжтой. "А" хэсгээс Иран нэгээр, АНУ хоёроор гарч Энэтхэг 5 байрын төлөө үзэх байх. Харин манай хэсэгт Оросууд тэргүүлж, манайх Украйн хоёрын хэн ялсан нь хүрлийн төлөө үзэхээр байна.

“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН.
Лос Анжелес, "Форум" цэнгэлдэхээс
2014.03.16

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж