
Монголын алтны салбарт эерэг хүлээлт бий болж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тус салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг шинжээчид дүгнэж байна. Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж, алтны рояльти татварыг 2.5 хувь болгон бууруулснаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 26-наас мөрдөж эхэлсэн хуулийн өөрчлөлтөөр 1.5 тонн алтыг Монголбанкинд тушаасан гэсэн албан ёсны мэдээлэл байгаа юм. Хууль батлагдахаас өмнө буюу өнгөрсөн онд Монголбанк бохир жингээр нийтдээ зургаа орчим тонн алт худалдаж авчээ. Тэгвэл хууль батлагдсанаас хойш өнгөрсөн онд тушаасан нийт алтны 20 хувьтай тэнцэхүйц алтыг нэг сар гаруйн хугацаанд төв банкинд тушаасан нь энэ салбараас эдийн засагт өгөх өгөөж нь илүү тод харагдаж байгаа юм. Банкны эдийн засагчид, шинжээчдийн харж буйгаар энэ жилд алт тушаалт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдэх болов уу гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Монгол Улс жилдээ 30-40 тонн алтаар валютын нөөцөө нэмэгдүүлэх хүчин чадал хангалттай байгаа гэвэл алтны салбарын сэргэлт эдийн засгийн нэг эерэг баталгаа болох юм. Цаашид хууль эрх зүй, эдийн засгийн тааламжтай орчин бүрдэхээр 2015-2019 оны хооронд 200 орчим тонн алтыг олборлох боломжтой. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 9.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх бололцоо байна. “Чингис” бондыг зургаа дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний том хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирэх бололцоотой юм. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 хувийн уналт үзүүлээд байгаа төгрөгийн ханш баталгаажиж, эдийн засгийн эрсдэл буурна.
Алт бол хэзээ ч үнэ цэнээ алддаггүй хаа ч өрсөлдөх чадвартай шар металл. Тиймээс валютынхаа ханшийг хамгаалах шар металлын нөөцийг бүрдүүлэхээр улс орны төв банкуудын өрсөлдөөн гадаад зах зээлд ширүүсч байна. Алтыг хичнээн удаан хадгалсан ч үнэ цэнээ алддаггүй байгалийн баялаг. Үмхийрэхгүй, өтөхгүй, үнэрээ гээхгүй, хуучирч муудахгүй, хугацаа нь дуусахгүй.
Өнгөрсөн зунаас огцом савалгаатай байгаа долларын ханшийн өсөлтийг хумиж, алтны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс тодоохой алхамууд хийж эхлээд байгааг хэлэх зөв бизээ. Рояльти татварыг 2.5 хувь болгон бууруулсан нь эдийн засагт тодорхой хэмжээний үр дүнгээ өгч эхлээд байгааг эдийн засагчид хүртэл сайшааж буй вм. Алтны үйлдвэрлэлийг өргөжүүлж, валютын нөөцөө улам бүр өсгөе гэвэл дараагийн шатны ажил нь үйлдвэрлэгчдэд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болов уу. Хэрэв Засгийн газар алтны салбарынханд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх аваас Монголын эдийн засгийн хөгжлийг түлхэх нэг хүч нь алтны салбараас оруулах хөрөнгө оруулалт болох нь ойлгомжтой асуудал. Энэ талаар ч төр засгаас анхаарлаа хандуулж байгаа нь алт үйлдвэрлэгчдэд том урам өгч байна.
Нэг унц алтыг өнөөдрийн ханш болох 1374 ам.доллараар тооцоод жилдээ 30-40 тонноор төв банкны эрдэнэсийн санг арвижина гэж үзвэл Монгол Улс ойрын жилүүдэд чамгүй мөнгөтэй болох боломжтой харагдаж байна.
Өнөөдрийн хувьд Монголын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулагчдаас шууд хамааралтайг үгүйсгэх аргагүй. Тиймээс өнгөрсөн 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт 55 хувиар унахад дотоодын эдийн засаг “гал алдах”-ад хүрээд буй билээ. Тэгвэл эдийн засгийн хараат бус байдлыг бий болгохын тулд үндэсний хөрөнгө оруулагчддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, улс орны хөгжилд нөлөөлөх үндэсний томоохон томоохон хөрөнгө оруулагчдын бий болгох нь Засгийн газрын нэг бодлого болон хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газраас үйлдвэржилтэд зориулж нэг их наяд төгрөг гаргахаар болсон бөгөөд экспортыг дэмжих, импортыг орлох төсөлд зарцуулахаа зарлаад байгаа билээ. Үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр Монголын эдийн засаг солонгорох, үндэсний томоохон хөрөнгө оруулагчдийг бэлтгэх үүд хаалга нээгдэж байна гэсэн үг.
Тиймээс эдийн засагт эерэг хүлээлт үүсгээд байгаа алтын салбарт хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улс маш богинохон хугацаанд хөрөнгөө хэд дахин өсгөж чадна. Эдийн засгийн хүндрэл Монголын компаниудын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж буйг үгүйсгэмгүй. Хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, алт, зэс нүүрсний гээд бүх л салбарт, бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүгийн байдал тааламжгүй байгаа нь бодит үнэн. Нөгөө талаар гадаад, дотоод хүчин зүйлс, хуулийн гажуудал, бодлогын алдаанаас болоод Монголын уул уурхай, алтны салбар сүүлийн жилүүдэд уналтын байдалтай явж ирсэн. Тиймээс алт үйлдвэрлэгчдэд техник, технологио шинэчлэх, хүчин чадлаа сайжруулах, хайгуулын ажлаа идэвхжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк нь хөрөнгө оруулалтыг алтны салбарт хийснээр Монголын эдийн засагт сэргээш болох учиртай. Учир нь дэлхийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон шинжээчдийн байр суурийг харахад шар металлын үнэ улам өсөх магадлал өндөртэй байна. Алтны салбарт техник, технологийн шинэчлэл хийх, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутагт дэвсгэрт оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах, алтны салбарын үйл ажиллагаанд аль болох хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэхэд салбарын яамдын зүгээс хамтрахаар болсон. Ингэж чадвал Монголын эдийн засаг эрсдлээс хамгаалах дархлаатай болно гэсэн үг юм.