өнгөрсөн баасан гаригт эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашид гарах
арга хэмжээний талаар санал солилцсон. Энэхүү уулзалтад эдийн засагчид,
судлаачид оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Уулзалтад
оролцсон эдийн засагчид өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэв.
Сангийн сайд асан Д.Даваасамбуу:
-Өнөөгийн
эдийн засаг ард түмний хүлээж байсан хэмжээнд хүрэхгүй байна. Гадаад
орчин хүнд байгаа ч дотоод орчинд алдаатай зүйл их байна. Гэхдээ эдийн
засаг муудсан гэж хэлж болохгүй. Өнгөрсөн жилүүдийг бодвол зэс, нүүрсний
үнэ буурсан ч 10 гаруй жилийн өмнөхийг бодвол харьцангуй өндөр байгаа.
Тиймээс цаашид дордуулахгүйгээр аваад явах боломж байна. Сүүлийн хоёр
жил мөнгөний, төсвийн бодлогоо тэлэлттэй, үрэлгэн хэлбэртэй явуулсан нь
ханшийг унагаах, инфляцийг хөөрөгдөх шалтгаан болсон. Тиймээс зээлийн
бодлогод хяналт тавьж, өмнө олгосон хөрөнгө оруулалтын мөнгөө эргүүлж
авах, үр ашгийн тооцоог нэгдүгээрт хийх ёстой. Мөн хэд хэдэн
төслүүдийг хэрэгжүүлэхгүй хугацаа алдсан. Тухайлбал, нарийн төмөр замыг
аль эрт барих боломж байсан. Энэ төмөр замыг бариагүйгээс маш их валют
алдаж байгаа. “Тавантолгой”-н цахилгаан станцын төсөл зэрэг томоохон
төслүүдийг нэн даруй ажлыг нь эхлүүлэх ёстой. Тэгж байж эдийн засгийн
хүндрэлээс гарна. Үүнээс гадна, бондын мөнгө болон гадаадын зээл
тусламжийн мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Монгол Улсынхаа
газрын баялаг буюу газрын тосыг ашиглан нефть боловсруулах үйлдвэр
барих, цахилгаан станц барих ёстой. Тэгэхээр одоогийн байгаа өр дээр
нэмж зээл авч болохгүй гэж хэлмээр байна.
Эдийн засагч, “Урбаник” компанийн захирал Б.Лхагважав:
-Эдийн
засгийн хүндрэл болсон шалтгааныг бүгд ярьж байгаа. Гэхдээ өнгөрсөн
жил Засгийн газар нэг зүйл дээр алдаа гаргасан. Энэ нь төрийн сангийн
бодлогоос илүү төрийн мөнгөний бодлогод анхаарал тавьж, гаднаас их мөнгө
оруулж ирэх маягаар мөнгөний бодлогоор эдийн засгийг авч гарна гэж
ойлгосон. Гэхдээ өмнө нь том хэмжээгээр хийж байгаагүй процесс байсан
учраас алдаа гарч ирсэн. Мөн өнөөдрийн энэ алдаанаас гарах хамгийн том
арга нь хөдөлмөрийн зах зээл дээр ажлын орон тоо бий болгодог 73 мянган
аж ахуй нэгжид найдах арга байна. Өмнөх 1996, 2009 оны хямралуудыг ч
мөн энэ л аргаар даван туулж ирсэн. Яагаад гэвэл баялаг бүтээж байгаа
хүмүүсийнхээ хөдөлмөрийн урам зоригийг сэргээж өгөх хэрэгтэй. Өмнө нь
бид санхүүгийн реформ хийнэ гэж ярьж байсан боловч хийж амжаагүй. Хэрэв
бид 2012 онд санхүүгийн реформыг хийсэн бол өнөөгийн эдийн засаг арай
гайгүй хямрах байсан юм. Энэ компани, аж ахуй нэгж, төрийн санхүүгийн
реформыг хийж, нэг ёсондоо тэдэнд өршөөл өгөх маягаар буцааж санхүүгээ
сайжруулах арга юм. Жишээлбэл, өнгөрсөн жил Чингис бондын мөнгийг
шингээх газар олдохгүй байсан. Үүнийгээ 73 мянган аж ахуй нэгждээ
шингээж болох байсан. Санхүүгийн өршөөл гэдэг нь цаагуураа мөнгө
шингээдэг механизмыг анхаарч, эдийн засаг, банк санхүүгийн хүчтэй
механизмыг ашиглах ёстой. Одоо бол мөнгөний бодлого, санхүүгийн бодлого
хоёроо хослуулах хэрэгтэй. Мөн 1990, 1996, 2009 онуудын хямралуудыг
даван туулсан, стратегийг боловсруулсан Ерөнхий сайд, Сангийн сайд,
Монголбанкны ерөнхийлөгч нартай хамтран зөвлөлдөх уулзалт хийж,
монголчууд хамтдаа гарах ёстой.
Эдийн засаг судлаач А.Энхтайван:
-Эдийн
засгийн байдал хүндэрсэн байгаа энэ үед хэрхэн даван туулах вэ гэхээр
тодорхой саналууд байна. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг сүүлийн 25
жил ямар нэг бодлогогүй явж ирсэн. Тиймээс бид эдийн засгаа 10,20 жилээр
яаж хөгжүүлэх нэгдсэн том бодлоготой болох ёстой. Үүнийгээ дагаад
Монгол Улс цаашид яаж, хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлох зайлшгүй
шаардлага гарч байна. Мөн санхүү, мөнгөний бодлого алдагдалтай байна.
Мөнгө бий болгох бодлогыг гаргахгүй байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд, Хар
тамхи, террозимтэй тэмцэх хууль баталсан нь Монголд орж ирэх бүх хөрөнгө
мөнгөний урсгалыг хаасан. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид
яагаад орж ирэхгүй байна гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Хөрөнгө
оруулалтын хуулийг шинэчилсэн боловч орж ирэхгүй байгаад дүгнэлт хийх
цаг болсон. Үүнээс гадна төрийн бүтэц, зохион байгуулалт. Өнөөдөр Монгол
улсыг аваад явах төрийн бүтэц байна гэдэгт дүгнэлт хийх юм. Монгол Улс
уул уурхай, мал аж ахуйн орон биш хэрэглэгч орон. Хэрэглэгч орон
бүтээгдэхүүнийг худалдан авдаг гэсэн үг. Гэтэл Монголд өнөөдөр
худалдаагаа хариуцсан яам, агентлаг, мэргэжилтэн, эрх зүйн орчин байхгүй
байх жишээтэй. Энэ олон зүйлүүдэд дүгнэлт хийгээд, тодорхой арга хэмжээ
авах ёстой.