Ардчилсан хувьсгалын партизануудын нэг гэгддэг, “сахал” хочит Б.Билэгт Шинэчлэлийн Засгийн газрын томилгоонд өртөж, ЦЕГ-ын даргаар томилогдсоноос хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Анхлан түүнийг энэ албан тушаалд тавьж байх үедээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллагад бий болсон авлига, хээл хахууль, албан тушаал, бизнесийн сүлжээг таслахад түүн шиг зоригтой, элдэв асуудлаар барьцаалагдаагүй, нэг үгээр хэлбэл хувийн айдасгүй хүн хэрэгтэй” хэмээн үнэлж байсан. Б.Билэгтийн хувьд өмнө нь Ардчилсан нам засгийн эрх барилцаж байх үед РТХЭГ-ын дарга, дараа нь ТЕГ/Тагнуулын ерөнхий газар/-ын даргаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа салбартайгаа бол нэг их гүн гүнзгий харилцаатай байгаагүй.
Тиймээс Хууль зүйн сайд хуулийн байгууллагад хийгдэж буй шинэчлэл дээр /ялангуяа цагдаагийн байгууллага дотор/ өөрт нь дэмжлэг болно хэмээн тооцож, түүнийг ЦЕГ-ын даргаар томилуулсан хэрэг. Гэхдээ ноён Б.Билэгт үүрэгт ажлаа анх уг албан тушаалд очихдоо өгч байсан амлалтдаа дүйцэхүйцээр хийгээд явж байсан бол томилгоотой холбоотой эдгээр асуудлууд дахин дахин сөхөгдөхгүй байсан нь тодорхой.
Учир юу гэвэл өнгөрөгч оны долдугаар сараас Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёрын хооронд үүссэн зөрчил, харилцаанд гарсан ан цав удах тусам томорсоор байна. Тухайн үед цагдаагийн өмнөх дарга асан Д.Сандаг-Очирын захиалгаар БНХАУ-д захиалж хийлгэсэн “гяндан” сандлаас болж сайд, дарга хоёрын хооронд багахан зөрчил үүссэн.
Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн үед өмнөд хөршид захиалж хийлгэсэн 400 гаруй сандлыг хүлээж авсан генерал Б.Билэгт тэр дариуд нь үйлдвэрлэгчдэд нь буцаахын оронд аймаг, нийслэлийн бүх цагдаагийн хэлтэс, сумдын төлөөлөгч нарт хуваарилан ачуулснаас болж Хууль зүйд сайд дэлбэртлээ уурлаж, олон нийтийн зүгээс ч “Ийм шийдвэр гаргасных нь төлөө цагдаагийн даргыг огцруулах ёстой” гэж үзэж байсан ч Б.Билэгтийн оронд дэд дарга нь хариуцлага хүлээгээд өнгөрсөн билээ. Энэ үеэс л хуучин, шинийн хоорондох гол зөрчил эхэлсэн хэрэг. Хууль зүйн сайд нэг удаа өөрийн твиттертээ “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж, шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга” хэмээн жиргэж, бухимдлаа тайлсныг бодоход багагүй тэвчээр алдсаных биз.
Учир нь УИХ-ын түвшинд батлагдаж, мөрдөгдөж эхлээд байгаа салбарын шинэчлэлийн гол хуулиуд хэрэгжилтийн шатандаа л хамгийн их бэрхшээлтэй учирдаг. Гэвч үүн дээр гол дэмжлэг болох ёстой цагдаагийн дарга энэ ажлаа хийхийн оронд цагдаа дотор өөрийн гар хөлийг бий болгоод “цагдааг авилгажуулсан” гэгддэг хуучин удирдлагуудаас нь өөрцгүй загнах болсон нь сайдынх нь тэвчээрийг баржээ.
Хууль зүйн сайд энэ ажлыг авангуутаа хамгийн түрүүнд зарласан зүйл бол албан тушаалаа ажил үүрэг биш, эрх мэдэл болгож хувиргасан, хувьдаа ашигласан “хөрөнгөлөг хурандаа” нарыг цагдаагаас цэвэрлэх явдал байсан. Үүнийгээ ч хийсэн. Улс төр, эрх мэдэлтнүүдтэй холбогдож сүлбэлдсэн гэгддэг хуучин дарга нарыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлж, шинэ залуу хүмүүсээр цагдаад цус сэлбэсэн. Гэвч шинээр удирдлагыг авсан Б.Билэгт даргын хувьд салбартаа хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлттэй гар, хөл нийлж ажиллахын оронд цагдаа дотор өөрийн нэр нөлөө, тойрон хүрээлэгчдийг бий болгох замаар ноёрхлоо тогтоох, өмнө байсан эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө л улайрах болсон гэлцэж байна. Учир нь энэ оноос шинээр мөрдөгдөж байгаа Цагдаагийн албаны тухай шинэ хууль, удахгүй УИХ-аар батлагдах Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар цагдаагийн дарга нарын эрх мэдлийг нэлээд сулруулж, хэрэг мөрдөлтөд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй болгоод байгаа. Хууль сахиулагчид одооноос эхлээд хэн нэг даргын тушаал заавар, хэлсэн үгээр биш, харин хуульд яаж заасан байна түүнд захирагдаж ажлаа явуулдаг болно гэсэн үг.
Энэ мэт шалтаг, шалтгаанаас үүдэн ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхлээд байгаа бололтой. Х.Тэмүүжин сайдын хувьд энэ хүнийг чөлөөлүүлэх асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан байхдаа ч алзахгүй. Учир нь Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт өөрчлөлт оруулж, зарим нэг томилгоонуудыг ч шинээр хийсэн. Үүний дотор Хууль зүйн сайдын тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд болон дэд дарга нарыг оны дараа албан тушаалаас нь чөлөөлж, дахин томилсон билээ. Өөрөөр хэлбэл, тэд шинэ хуулийн орчинд ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Харин Б.Билэгт даргын хувьд 2012 оны ёсдүгээр сард Засгийн газраас томилсон тэр тушаалаар өнөөдрийг хүртэл ажлаа явуулж байгаа. Хууль зүйн сайдын хувьд лав түүнийг уг албан тушаалд нь дахин томилуулах, удаан байлгах хүсэлгүй байгаа бололтой. Харин эсрэгээрээ түүний томилгоог буцаах, албан тушаалаас нь өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж магадгүй гэсэн хардлага байна.
Гэвч ноён Б.Билэгтийн хувьд Ардчилсан нам засаг барьж байгаа тохиолдолд өөрт нь нэг насаар төлөх өртэй гэж итгэдэг, тэгж ч шаарддаг хүн. Урьд өмнөх Засгийн газруудын үед РТХЭГ-ын дарга байхдаа, дараа нь ТЕГ-ын дарга болоод юу хийж бүтээснийг нь мэдэх хүнгүй ч тэр хэзээд хоосон хоцорч байгаагүй. Тэр хэрээрээ ЦЕГ-ын даргын суудлаас мултарлаа гэхэд түүнээс арай дөнгүүр албан тушаалд очино оо л гэж зүтгэх хүн. Гэвч энэ нь Хууль зүйн сайдад ямар хамаатай. Түүний хувьд зөвхөн хуулийн салбарт шаардлагатай шинэчлэлт өөрчлөлтийг хар толгойроороо хариуцна л гэдгээ амласан хүн шүү дээ.