Лавров: Кремль Крымын хүслийг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Лавров: Кремль Крымын хүслийг хүндэтгэнэ

-Сергей Лавров, Жон Керри нар Крымын санал асуулгын өмнө
сүүлчийн хэлэлцээр хийв-
 

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритай уулзсаны дараа “Крымын бүх нийтийн санал асуулгын талаар Москва Вашингтонтой зөвшилцөхөд бэлэн биш” гэж мэдэгдээд Кремль хойгийн оршин суугчдын хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэх болно гэв.

Их Британи дахь АНУ-ын Элчин сайдын өргөөнд болсон тэдний уулзалт бүтэн зургаан цаг үргэлжилжээ. Харамсалтай нь, хэлэлцээрийн төгсгөлд Крымын бүх нийтийн санал асуулгаар тохиролцоонд хүрч чадсангүй. Уулзалтын дараа Сергей Лавров, Жон Керри нар тус тусдаа хэлэлцээрийн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын тухайд Украины зүүн өмнөд бүсэд нэвтрэх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн ч “Фолклэндийн арлууд Их Британи ямар чухал байдгаас ч илүү ОХУ-д Крым чухал” хэмээсэн байна.

Дашрамд, 1982 онд “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Атлантын далайн баруун өмнөд хэсгийн Фолклэндын арлуудын төлөө Аргентинтай дайн хийж, Аргентины десантын эзэлсэн аралд хяналтаа эргүүлэн тогтоосон юм. Одоо аралд Их Британийн цэргийн бааз байрладаг билээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сергей Лавровтай хийсэн уулзалтыг “гүнзгий агуулгатай” болсон гэж мэдэгдээд, “Бүх нийтийн санал асуулгын дүнгийн дараа л Путин өөрийн шийдвэрээ гаргана” гэсэн Лавровын үгийг сэтгүүлчдэд уламжлав. Түүнчлэн ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар ярих нь эрт байна гэсэн тайлбар өгчээ. Хэрэв ОХУ-ын зүгээс Украины ард түмэнд занал учруулбал ноцтой хариу арга хэмжээ авна гэдгийг Керри онцолсон байна.

Улстөр судлаач Игорь Зевелевын тодорхойлсноор Керри зөвшилцөх боломжийн талаар хэлсэн ч ерөнхий байдал нь талуудын зөрчлийг харуулжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж