Түүхэн дүр бүтээсэн түүх

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Түүхэн дүр бүтээсэн түүх

Идрис Элба “Мандела: Эрх чөлөөнд хүртэлх урт зам” кинонд Нелсон Манделагийн дүрийн бүтээхийн тулд зураг авалт эхлэхээс 3 сарын өмнө Өмнөд Африкт очиж амьдарч эхэлсэн байна. Алдартай жүжигчид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, олны танил хүний дүрийг амилуулахын тулд тухайн хүнийхээ амьдарч байсан орчин, амьдралын хэв маяг тэр ч бүү хэл хэл ярианых нь дуудлагыг хүртэл судлаж өөртөө шингээж байж дүрийг хүмүүсд хүргэдэг. Доорх алдартай жүжигчид хэрхэн олны танил алдартай хүмүүсийн дүрийг бүтээж байсныг сонирхоцгооё.

Андре 3000 болон Жими Хэндрикс


Андре 2004 оноос хойш цахилгаан гитарын амьд домог гэгддэг Жими Хендриксийн дүрийг бүтээхийг хүсч байсан гэнэ. Харин “Бүх зүйл миний талд” киноны тов зарлагдсанаар тэрээр дүрээ төгс бүтээхийн тулд жингээ хасч, гитар сурч эхэлснээр барахгүй ярих дасгалд хүртэл сууж эхэлсэн байна. Домогт гитарчин маань тайзан дээр үнэхээр галзуу байж чаддаг ч амьдрал дээр тун тайван, даруу нэгэн байжээ. Түүний амьдрал, намтарыг харуулсан уг кино энэ оны 8 дугаар сард гарахаар товлогдсон байгаа бөгөөд тодорхой шалтгааны улмаас домогт хөгжимчний дуунуудаас нэг нь ч уг кинонд ашиглагдахгүй юм байна.

Том Хэнкс болон Ахмад Ричард Филлипс


Том Хэнксийн тоглосон “Ахмад Филлипс” кино бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Уг зохиолын гол дүр ахмад Ричард Филлипс болсон үйл явдлын тухай Томд ярьж өгөх гэсэн боловч тэрээр киноны зохиол болон номнуудыг уншиж байсан учраас болсон үйл явдлыг төдийлөн сонирхоогүй гэнэ. Харин ахмадын хувийн амьдрал, хэрхэн ажил амьдралаа хослуулдаг байсан зэрэг тодорхой зүйлүүдийг кино зураг авалт эхлэхээс өмнө нэлээн сонирхон судалжээ.
Хожим нь Том ахмадын тухай “Тэр их сониуч, өөртөө итгэлтэй хүн. Үүнээсээ ч болж тун гайхалтай зүйлийг даван туулж мөн амьд үлдэж чадсан байх” хэмээн хэлсэн байдаг.

Жуди Денч болон Филомена Ли


Алдарт “Жэймс Бонд” цувралын “Эм” –ийн дүрээр та бидний сайн мэдэх Жуди Дэнч “Филомена Лигийн дүрийг бүтээнэ гэдэг бол маш их үүрэг хариуцлагатай ажил байсан” хэмээн дүрийнхээ талаар ярьж байжээ.
Филомена Ли бол өөрийн алдагдсан хүүгээ 50 жилийн турш эрж хайсан бүсгүй юм. Түүний хүүг нялх байхад нь өөрт нь хэлэлгүй баян хосуудад худалдсан гэдэг. Харамсалтай нь 50 жилийн турш хүүгээ хайсан Филомена эцэст нь хүүгийнхээ талаар олж мэдсэн боловч хүү нь нас бараад 8 жил болсон байжээ.

Идрис Элба болон Нельсон Мандела


Идрис Элба “Мандела: Эрх чөлөөнд хүртэлх урт зам” киноны зураг авалт эхлэхээс 3 сарын өмнө Өмнөд Африкт очиж амьдарч эхэлсэн байна. Тэрээр “Киног бүтээхэд жүжигчид болон кино багийнхан тун их хүндрэлтэй тулгарч байсан ч бид энэ бүхнийг даван туулж чадсан. Мандела хүнд хэцүү амьдралыг туулсан нэгэн. Тиймээс ч бид кино зураг авалт маань тийм ч амар байхгүйг анхнаасаа мэдэж байсан юм” хэмээн киноныхоо тухай ярьсан байна. Манделагийн охин Зинди ч жүжигчин Элбаг аавынх нь дүрийг гайхалтай бүтээхийн тулд маш их сэтгэл зүтгэл гаргасан хэмээн магтсан байдаг.

Эштон Катчер болон Стив Жобс


Эштон Катчер, “Би зүгээр хүн бүхний мэддэг Стив Жобсыг мэдэж ойлгохыг хүсээгүй. Тэр яаж тийм хүн болсон юм бол гэдгийг ойлгох л надад илүү чухал байсан” хэмээн ярьж байжээ. Жобсын дүрийг бүтээхийн тулд жүжигчин маань түүний тухай бүх л ном сэтүүлийг уншиж, хэдэн зуун баримтат кино үзсэн гэдэг. Түүнд хүндэлж явдаг хүнийхээ дүрийг бүтээх болсон нь нэр төрийн хэрэг байсан гэнэ.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж