
Дэлхийн II-р дайны төгсгөлд АНУ-ын Нью-Йорк хотын Таймс өргөн чөлөөнд Япон улс бууж өгсөн мэдээг сонссон тэнгисийн цэргийн байлдагч хажуудаа зогссон сувилагчийг үнсэж буй зургийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Гэрэл зураг дээрх тэнгисийн цэргийн байлдагч Гленн Макдаффи 86 насандаа Даллас дахь асрамжийн газарт нас баржээ. Гленн Макдаффи нь хожим уг зураг алдартай болсны дараа өөрийгөө тэр усан цэрэг мөн гэдгийг шүүхийн шинжээчээр батлуулсан нэгэн юм. Гленн Макдаффигаас гадна Жорж Мендоса, Карл Мускарелло гэгч залуус өөрсдийгөө зурган дээрх усан цэрэг мөн гэцгээж байсан аж. Япон улс дайнд бууж өгсөн талаарх мэдээг зарлах үед 18-хан настай усан цэрэг Гленн Макдаффи төмөр зам барих ажил гүйцэтгэж байжээ. Харин сувилагч бүсгүй нь Эдит Шейн гэгч бөгөөд өнгөрсөн 2010 онд нас барсан юм.
Алдартай гэрэл зургийг дайнд Япон улс бууж өгсөн өдөр 1945 оны наймдугаар сарын 14-нд Германы гэрэл зурагчин Альфред Эйзенштадт дарсан аж.