МАН-ын хуучны кадрууд хаачих вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

МАН-ын хуучны кадрууд хаачих вэ?

Цаг цагаараа, сахилдаг хөхөөрөө байдаггүйг сануулж Ардын намынхан нэр нүүр болж явсан лидерүүдээ 2016 оны УИХ-ын сонгуулиас тойроггүй үлдээж мэдэх нь. Намын нэрээр УИХ-д сонгогдсон түшээдээ зарим нэгийг нь дүүргийн намын хорооноосоо шахаж гаргасан нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд “Тойрог олдохгүй шүү” гэдгийн дохио аж.

Уг нь Ардын нам сонгуульд ялж мандаж явсан тэрхүү он жилүүдэд С.Баяр, Сү.Батболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэлгүйгээр УИХ, Засгийн газар нь зураглагдаж байсан удаагүй. Тиймдээ ч С.Баяр нь хоёр удаа Засгийн газрыг удирдаж, эрхээ шилжүүлэх болоход цулбуурыг Сү.Батболдын гарт шилжүүлсэн бол нас 60-ын босгыг хол давсан ч Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ыг удирдах эрхийг гардаж, дэргэдээс Н.Энхболд дэмнэхээр болж УИХ-ын дэд даргаар сонгогдож ажилласан нь өнгөрсөн парламентын түүх.

“Дөрвөн Засгийн газарт сайдын алба хашиж явлаа, Н.Алтанхуягийн танхим шиг хөгийн Засгийн газар үзсэнгүй” хэмээн аархдаг Ц.Нямдорж,  С.Баярын өнгөнд ч, М.Энхболдын нүүрэнд ч Хууль зүйн сайдын албаас буугаагүй. Тэгвэл ирж яваа 2016 он түүнд төдийгүй журмын нөхдөд нь хүндхэн давааг санал болгох нь. Товчхондоо бол намынхан нь тэднийг тэтгэвэрт суулгахыг илүүд үзэж байна.

С.Баярын хувьд Ерөнхий сайдын албаа шилжүүлсэн цагаас эхэлж улстөрийн карьер хөөх замаа үндсэнд нь өндөрлөсөн. Харин бусдынх нь хувьд одоо зөвхөн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн УИХ-д хийсэн ажилгүй шахам суугаа ч ирэх 2016 он дахин улстөрийн шатаа өсгөх зам хэмээн харагдаж буй. Намынхан нь л хүсэхгүй байгаа болохоос биш. Тиймдээ ч сэтгэл зүйн хувьд зарим нэг улстөрч нь өөрийгөө бэлтгэж хуучин тойргоо санагалзах болсон тухай “бор шувуу” Төрийн ордонд нисэж эхлэв. Өнөө жил сонгуульжих учиргүй ч тойрог ч олдохгүй, намын лист ч олдохгүй болж шахагдаж байгаа дээрх эрхмүүдийн хувьд эртнээс нэг арга зам бодохгүй бол улстөрийн карьер нь дуусна. 

УИХ-ын төвшинд Сонгуулийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Ажлын хэсгийнхний боловсруулж байгаа төсөлд намын нэрээр сонгогдох хувийг нэмэгдүүлж, 38-д хүргэхээр зураглагджээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар харьцаа 48х28 байв. Тодруулбал, 48 нь тойрог, 28 нь намын нэрээр сонгогдож УИХ-дахь хүчний харьцааг тодорхойлсон. Харин одоо дээрх харьцаа өөрчилж, намын нэрээр сонгогдох хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлэх зорилго руу тэмүүлж байна. Энэ тохиолдолд тойргийн мандат багасна гэсэн үг. Ядахад, МАН-ын дарга М.Энхболд их ууртай байгаа, намын нэрээр УИХ-д сонгогдсон хүмүүст дахин намын нэрийн ард нуухгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн гэх нь бий. Хүсэхэд хясал гэгчээр тойргийнх нь мандат багасаад байдаг. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг гурван мандаттай байсан ч 2012 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсноор мандатын тоо буурч хоёр болсон. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хуульд өөрчлөлт орох хүрээнд Ховдод ногддог мандатын тоо дахин буурч ердөө нэг үлдэнэ. Энэ тохиолдолд МАН-ын “өвгөн шувуу”-д тойрог олдохгүй болно.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа С.Бямбацогт хар залуугаараа тэтгэвэртээ гарахыг хүсэхгүй нь ойлгомжтой, тиймээс намын нэрэнд дулдуйдах бус өөрийнхөө хүч чадал, рейтингийг харж Ховдын тойрогт нэр дэвших бодол тээж яваа ньв мэдээж. Харин энэ тохиолдолд намын нэрийн ард жагсах боломжгүй болсон Д.Дэмбэрэл гишүүн хаачих вэ?. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Сү.Батболд нарын хувьд ч ялгаагүй. Намын нэрийн ард зогсох боломжгүй жагсаалтад багтаж байгаа. Хуучин тойрогтоо очъё гэхнээ дунд нь өнжчихсөн, ядахад тойргийнх нь мандат буурчихсан. Уг нь цагтаа тэд бусдад тойрог хувааж суусан кадруудад юм шүү дээ. Гэтэл ирэх 2016 онд тойрог ч олдохгүй намын лист ч олдохгүй болно гэхээр бас л “ховор үзэгдэл” болж бичигдэх нь дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж