НҮБ-тай хамтарч хүнсээ хэмнэх кампанит ажил өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

НҮБ-тай хамтарч хүнсээ хэмнэх кампанит ажил өрнүүлнэ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын тайланг өнөөдөр хэлэлцэн, нийтэд мэдээлэл өглөө. Хурал гуравдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд 41 орны Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, дээд шатны удирдах ажилтнууд оролцсон юм. Тайлангийн хурлын үеэр Монгол Улс энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж буйн хувьд хөдөө аж ахуйн салбараа сурталчлах, газар тариалан, мал аж ахуйн туршлагаа олон улсад таниулан сурталчлах бололцоо гарч байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайд Х.Баттулга хэлж байсан. НҮБ-ийн энэхүү том хэмжээнд тооцогдох хурлаар тав хоногийн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг сахих, өлсгөлөнг тэглэх, хүнсний хог хаягдлыг бууруулах асуудлаар онцолсон юм. Үүнээс олон улсын хэмжээнд нийтэд хамаатай, ирээдүйд хэрэгжүүлэх  тэргүүлэх дөрвөн чиглэлийг НҮБ-ын удирдлагууд хурлын үеэр дуулгалаа.

Нэгдүгээрт, өлсгөлөнг тэглэх зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт, цагаан будааны үйлдвэрлэлийг улс орнууд харилцан туршлага судлах замаар хамтарч хөгжүүлэх.

Гуравдугаарт, далайн баялагийг оновчтой ашиглах буюу далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэнцвэртэй хөгжүүлэхэд оновчтой бодлого хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, хүнсний бүтээгдэхүүнийг хураан авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх бүх явцад хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэйд олон улсын төлөөлөгчид,  НҮБ санал нэгдсэн байна.

Харин Монгол Улсын хувьд хүлэмж байгуулахад Израйл улстай хамтрах, хүнсний хог хаягдлыг бууруулах кампанит ажилд нэгдэх зэрэг тодорхой шийдэлд хүрсэн байна. Тодруулбал,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран  “Хүнсээ хэмнэе” кампанит ажлыг эхлүүлэхээр болжээ. Кампанит ажилд манай орноос хамтрах хүсэлтээ гаргасны дүнд ийнхүү шийдвэр гарсан бөгөөд энэ нь хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын үндэс суурь болох юм байна.

 У.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж