Зэсийн үнэ 6500 долларт ч хүрэхгүй болтлоо буув

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 6500 долларт ч хүрэхгүй болтлоо буув

Зэсийн үнэ 2010 оны 6 дугаар сараас
хойшхи хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Өчигдрийн байдлаар
Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6495 доллар, харин Нью-Йоркийн
COMEX бирж дээр нэг фунт (
453.59
гр
) нь 2.92 доллар болж буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ
сүүлийн найман сарын хугацаан дахь доод үнэдээ хүрч 6600 гаруй ам.доллар/тонн
болоод байсан юм. Хүрэн металын үнэ ханш буурсан нь Хятадын эдийн засгийн
үзүүлэлт буурсантай шууд холбоотой. Тус улсын зарим компани бондын хүүгээ төлж
чадаагүй нь эдийн засгийн сөрөг үзүүлэлтийн томоохон дохио болсон юм. Өчигдөр
Хятадын Ерөнхий сайд Ли Көциан өнгөрсөн долоо хоногт тус улсын Shanghai Chaori
нарны хавтан үйлдвэрлэлийн компани бондын хүүгээ төлж чадаагүй явдалтай
холбогдуулж “Дахиад ийм хэд хэдэн дампуурал тохиолдож болох юм. Энэ эдийн засаг
хатуухан сорилттой тулгарах болно” гэж мэдэгджээ.

Үүнээс гадна өчигдөр Хятадын
Статистикийн үндэсний газар тус улсын аж үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн 1, 2 дугаар
сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6%-иар өссөн тухай мэдээлжээ. Уг үзүүлэлт
өнгөрсөн 12 дугаар сард 9.7% байсантай харьцуулахад аж үйлдвэрлэл Хятадад буурч
байгаа нь харагдаж байна. Энэ мэдээлэл дэлхийн зах зээлд хүрэн металын аль
хэдийнэ буурчихаад буй ханш дахин буурахад голлон нөлөөлжээ.

Зэсийн дэлхийн зах зээлийн эрэлтийн
40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын хувьд төмөр замын дэд бүтэц,
барилгажилт эрчимтэй явагдахын хэрээр зэсийн эрэлт харьцангуй сайн байх ч ийнхүү
өсөлтийн хурдац удааширч буй нь зах зээлд томоохон савлагаа авчирч мэдэхээр
байна.

Зах зээлийн шинжээчид зэсийн үнийг
6500 доллар/тонн байх нь хангалттай ашигтай байхуйц үнэ гэж тайлбарладаг ч судалгааны
байгууллагуудын энэ онд зэсийн үнэ 8000 доллар/тонн байх таамаг үндсээрээ
өөрчлөгдөж эхлэв. Учир нь Хятад улс зээлэнд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг
хумих бодлого барьж буй юм.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж