“Алтайн хүдэр”-ийг замаа тавихыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр”-ийг замаа тавихыг шаардлаа

Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумдын иргэдийн хүсэлтээр “Алтайн хүдэр” ХХК-ийг 183 км замд хатуу хучилт хийхийг Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар даалгасан байна.

 “Алтайн хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл суманд хүдрийн олборлож, БНХАУ руу экспортлоод таван жил гаруй хугацаа өнгөрчээ. Анх олборлолт явуулж эхлэхдээ төмрийн хүдэр олборлодог “Таяннуур уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 183  км замыг хатуу хучилттай зам болгоно” гэж иргэдэд хэлж байсан гэнэ. Гэвч өдгөө таван жилийн хугацаа өнгөрсөн ч хатуу хучилттай замаа тавилгүй шороон замаар тээвэрлэлтээ хийсээр байна. Уг хатуу хучилттай зам ашиглалтад ороогүйн улмаас “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилчид осолдож амь насаа алдах, тоосжилтын байгаль орчинд сөргөөр нөлөөлөх тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар Бугат, Алтай, Цээл сумын иргэдтэй уулзалт хийхдээ уг асуудлын талаар иргэдээс санал бодлын хуваалцсан юм. Иргэд “Алтай хүдэр  ХХК-ийн  удирдлагууд тавьж байгаа шаардлагыг хүлээж авдаггүйн дээр ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй” байгаад анхаарлаа хандуулахыг хүсч байлаа. Тиймээс аймгийн Засаг дарга удирдамж гарган, Алтайн хүдэр компанид шалгалт хийлгэхээр аймгийн мэргэжлийн хяналт болоод цагдаа нараар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллууллаа. Аймгийн Засаг дарга “Алтайн хүдэр” ХХК-ийг эхний ээлжинд 183 км замыг ашиглалтанд оруулах шаардлага тавина гэдгээ иргэдэд хэлж байлаа. Хэрвээ уг шаардлагыг байгууллагын удирдлагууд хүлээж аваагүй тохиолдолд “Алтайн хүдэр” ХХК-ийн хүдэр олборлох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авахаар боллоо гэж Говь Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

“Алтайн хүдэр” ХХК-ийг өнгөрсөн 2013 оны гуравдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас шалгалт хийж, ондоо багтаан 50 км замд хатуу хийлгэхийг шаардсан. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Гэтэл өдгөө тус компани 3,2 км замд хатуу хучилт хийсэн гэсэн тайланг Байгалт орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт хүргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж