Эдийн засгийг юу гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг юу гэж дүгнэв

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга
М.Энхболдын санаачилгаар өнөөдөр төрийн ордноо үе үеийн эдийн засагч нар
цугларч, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийллээ. МАН-ын
бүлгийн зүгээс эдийн засгийн хямрал үүсэх шалтгаан, эдийн засгийн
бууралтыг Засгийн газарт  ойлгуулах талаар сануулга өгөх, шаардлага
хүргүүлэх зэргээр олон удаа сөрөг хүчний үүргээ биелүүлж байсан боловч
Засгийн газраас арга хэмжээ авахгүй, эдийн засаг хүндрээгүй, сайхан
байна гэх мэтээр ярьж байгаа учраас ийнхүү эрдэмтэд, судлаачдын саналыг
сонсч, зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт, МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид,
эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл
100 гаруй хүн оролцож, улс орны эдийн засагт нүүрлээд буй сорилт
бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах
гарцын талаар байр сууриа илэрхийлж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс
гарахын тулд "Хойшоо биш урагшаа харж, үгүйсгэж биш бүтээж, эрхээ эдэлж
биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлэн бэрхшээлийг давна. Бид нэг Монгол"
хэмээн онцлов.

Эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах арга замын талаар УИХ-ын гишүүд болон эдийн засагчдын байр суурийг хүргэе.

МАН-ын дарга М.Энхболд: Хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе

-МАН-ын
дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлэхдээ "Эрх баригчдад нэгдсэн
бодлого, төлөвлөгөө алга. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь
эдийн засаг хямраагүй, зах зээл бүхнийг зохицуулна гээд яриад сууж
байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ
ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор бизнесийн
орчин хэрхэн хумигдсан талаар хэдэн жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд
2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан
бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 ажн ахуйн нэгж үйл ажиллагаа
эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ.
Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд байдал ийм л болж доройтоод
байна" гэлээ. Өнөөдрийн байдлаар улсын гадаад өр 5 тэрбум 611 сая
ам.доллар /10 их наяд 15 тэрбум/ дээр Засгийн газрын дотоод өр 1 их наяд
920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг
буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг
нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж
байна. Энэ их өр, зээлийн хүүг зөвхөн 10 хувь гэж бодоход 1 тэрбум 921
сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их
наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна.
Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад
өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна. Ийм байхад эдийн
засаг хөгжиж байна, эдийн засаг хөгжлөө гэж ярих нь бодит байдалд
нийцэхгүй байна гэв.

Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун: Бондоос хэт хараат байж болохгүй

-Бодлогын
хувьд эдийн засаг ТЭЦ-5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5
тэрбум ам.доллар буюу Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө
оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч гол хөрөнгө оруулалтын
төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байгаагаас болж 2014 онд
хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх төлөвгүй байна. Энэ нь нийт эдийн
засагт маш муугаар тусч байна" гэж илтгэлдээ онцоллоо. Эдийн засгийн
хүндрэлээс гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж,
хөрөнгө оруулалтын урсгалаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар
байнга нэмэгдүүлж байхыг тэрээр санал болгов. Мөн бонд бол мөнгө босгох
олон хэрэгслийн нэг л арга зам нь учир бондоос хэт их хараат байж
болохгүйг сануулав. Улсын хөгжлийг авч явах цөөн тооны томоохон
төслүүдийг маш эрч хүчтэй хөдөлгөх, өндөр хурдтай хэрэгжүүлэх
шаардлагатайг ч онцоллоо. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус чанартай,
хүртээмжтэй, бүтээмж өндөртэй хэдхэн төслийг хөдөлгөх нь өнөөгийн эн
тэргүүний зорилт болохыг илтгэлдээ дурдав. Тухайлбал, эрчим хүчний
салбарт ТЭЦ-5, уул уурхайд Оюутолгой, Тавантолгой төсөл, ган, зэс
хайлах, нефть, нүүрс боловсруулах зэрэг мега төслийг хөдөлгөхөд л
хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, бүтээн байгуулалт идэвхжиж, макро
эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдсээр Төв банкнаас  мөнгө хий хоосон
хэвлэх, бондыг үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно гэж хэллээ.

Судлаач С.Одхүү: Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч, нийгэмд ч дутагдаж байна

Тэрээр
“Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл" сэдэвт илтгэлийг
тавив. Уг илтгэлээрээ өнөөгийн төр засгийн үр нөлөө ямар байгаа, төрийн
байгуулалт зөв эсэх, төрд ямар ухаан дутаж байгаа, төрийн хууль, улс
төр, ёс суртахуун хоорондоо хэр зохицож байгааг харуулахыг зорьжээ.
Тэрээр манай төрд бодит байдлаа цогцоор нь, үнэнээр нь оношлох ухаан
дутаж байна гэж тодорхойлов. Мөн эрдэмтэн судлаачдын хийсэн бүтээснийг
төрийн бодлого болгон хувиргаж боловсруулдаг "бодлогын уураг тархи" алга
гэж дүгнэлээ. Үндсэн хуулийн үзэл санааг зөв ойлгож, зөв хэрэглэх,
төрийн ажил, улс төрийн ажил хоёрыг ялгах ухаан, соёл дутаж байна гэж
тайлбарлав. Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч,
нийгэмд ч дутагдаж байгааг онцоллоо. Парламентаас Засгийн газарт тавих
хяналт, Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлагын механизмыг
зөв тогтоох шаардлага ч гарч байгааг өгүүлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын
гишүүд "давхар дээл"-тэй байж болох эсэхийг ч гаднын орнуудтай
харьцуулан судалсан байна. Парламентын засаглалтай 80 гаруй улсын 34 нь
Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүдээс бүрддэг, 24 улсад хавсарч
үл болох албан тушаал гэж хатуу хориглодог аж. Мөн 24 улсад дундаж байр
суурийг барьдаг гэнэ. Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүн
давхар байж болох сонголт хийсэн орнуудад парламентын гишүүдийн тоо
харьцангуй олон, 200-гаас доошгүй гишүүнтэй байдаг аж. 

Эдийн засагч Ч.Анхбаяр: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэсэгчилэн зогсоох шаардлагатай

Эдийн
засагч Ч.Анхбаяр 2013 оны макро эрсдэлийн хүрээнд гурван эрсдэлийг
онцолж байна. Нэгдүгээрт, нүүрсний экспортын зогсонги байдал, гадаадын
шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт, төгрөгийн нийлүүлэлтээр
дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавраар гадаад худалдааны
алдагдал нэмэгдэж ирлээ. Хоёрдугаарт, улсын өр ДНБ-ий 49.5 хувьд, нийт
гадаад өр ДНБ-ий 146 хувьд хүрснээр  валютын нөөц хомсдож буй үед гадаад
өрийн дарамтыг нэмэгдүүлэх боллоо. Гуравдугаарт, валютын ханш 20 хувиар
өссөнөөс шалтгаалан инфляцийн дарамт нэмэгдэж, мөнгөний тэлэх бодлогыг
эрсдэлд оруулж байгаа гэж Эдийн засагч Ч.Анхбаяр илтгэлдээ дурдав. 
Монголбанк, Засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах, "Чингис" бонд,
Хөгжлийн банкны хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө
талаас бизнесийн орчинг муутгасан гэж эдийн засагч дүгнэжээ.

Валютын
ханшийн огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн
нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн.
Түүнчлэн валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгөөр 222 тэрбум төгрөг
болж 2.6 дахин нэмэгдсэн. Иймээс 2013 онд үүссэн макро эрсдэлийн нөхцөл
байдал энэ онд ч хадгалагдах магадлал өндөртэйг сануулав. Иймээс
өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь
томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг
дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг
бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг
багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын
орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг
сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж