НАТО ОХУ, Украиныг чуулганд урьжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

НАТО ОХУ, Украиныг чуулганд урьжээ

НАТО буюу Хойд Атлантын эвслийн гэрээний орнуудын удирдлагаас өнөөдөр /III.14/ болж буй 50 орны хамтарсан чуулганд Украин, ОХУ-ыг урьжээ. Украины хямралыг хэлэлцэх Евро-Атлантын түншлэлийн зөвлөлийн чуулганд НАТО-гийн холбоотон 28 орон, Европ, Төв Азийн 22 улсын төлөөлөгчид оролцох аж.

Түүнчлэн уг чуулгантай давхцан Крымийн хойг дахь татарын лидер Мустафа Дзхемилев НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоутай уулзах гэнэ. Крымийн хойг дахь татаруудын зүгээс ОХУ-д нэгдэх санал асуулгатай холбоотойгоор Кремль, Киевийн сөргөлдөөний хөлд хохирч хоцрох вий хэмээн зовниж буй аж. Крымийн хойгийн оршин суугчдийн 12 орчим хувийг нь татарчууд эзэлдэг юм.

Өмнө нь Кремль Крымд өөрийн цэргийн хүчээ нэмэгдүүлснээс үүдэн НАТО-гийн удирдлагууд ОХУ-тай харилцаагаа шинэ түвшинд авч үзэхээ мэдэгдэж байсан юм.
Украины хямралын эхлэлийг Ерөнхийлөгч Виктор Янукович Москвагаас 15 тэрбум ам.долларын тусламжийн гэрээг хүлээн авч, Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнээс татгалзсанаар тавьсан юм. Украинчууд Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцэн, тасралтгүй жагсаал, цуглаан зохион байгуулснаар Виктор Януковичийг суудлаас нь буулгасан билээ. Үүний дараа Украины үйл явдлыг ажиглаж суусан ОХУ Киевийн асуудалд гар дүрж эхэлсэн бөгөөд Крымийн хойгт өөрийн цэргийн хүчээ бэхжүүлсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж