Онгоцны зорчигчид хэн байв?

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Онгоцны зорчигчид хэн байв?

Малайзын агаарын тээврийн MH370 нислэг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц сураггүй болоод зургаа хонож байна. 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүний хамт алга болсон онгоцны зорчигчдын дунд Хятадын каллиграфчид, далайн эрэгт амарчихаад хүү рүүгээ яарч явсан аав, ээж, харь улсад барилгын ажил хийж яваад бүтэн жилийн дараа гэртээ харихаар ниссэн залуу гээд олон хүн бий. Куала Лумпураас Бээжин хүрэх хуваарьт нислэгт 14 орны иргэд байсны дунд зөвхөн Хятадын 153 зорчигч байжээ.


ЕВРОП ДАХЬ ШИНЭ АМЬДРАЛЫН МӨРӨӨДӨЛ

MH370 нислэгт багтах учиртай байсан Италийн зорчигч Луижи Маралди, Австрийн Кристьян Козел нарын пасспортоор онгоцонд хууль бусаар суусан хоёр зорчигчийн улмаас “Boeing 777-200ER” онгоцыг террористууд барьцаалсан тухай таамаг дэвшүүлж байлаа. Хулгайн пасспортоор зорчсон хоёр хүн нь хоёул Ираны иргэд бөгөөд нутгаасаа дайжиж, Европт очиж шинэ амьдрал эхлүүлэх мөрөөдөл тээж онгоцонд суужээ.

18 настай Поуриа Нур Мухаммед Мердад Куала Лумпураас Бээжин ороод, тэндээсээ Амстердамаар дамжин Герман руу нисч, Франкфуртэд ээжтэйгээ уулзахаар товлосон байж. Хүү нь ирээгүй, онгоц нь саатсан тул ээж нь албаныхантай холбогдож, хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Үүний дараа 18 настай хүүгийн Facebook хуудсанд таних, танихгүй маш олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Тэрбээр хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө Ираны Караж хотоос нисч, Куала Лумпурт ирээд фейсбүүк дэх статустаа сэтгэл маш их хөдөлж буйгаа илэрхийлсэн байна.

Хулгайн пасспорттой зорчиж явсан хоёр дахь хүн нь 29 настай Делавар Сейед Мохаммадреза гэгч байсан тухай Интерпол мэдэгдсэн юм. Түүний гарал үүслийн талаар одоогоор мэдээлэл хомс байгаа юм.

ЗАЛУУ ДОКТОР

Кэмбрижийн их сургуульд инженерийн докторын зэрэг хамгаалсан Ли Юйчен нутаг буцахаар онгоцонд суужээ. Тус сургуулийн зүгээс залуу доктор Ли Бээжин хотод геотехникчээр ажиллах урилга хүлээн авч, шинэ ажлаа эхлүүлэхээр сэтгэл догдлон байсан хэмээн мэдэгдсэн юм. “Юйчен асар их авьяастай, нүдэнд дулаан, сэтгэл сайтай хүн. Түүнийг гялалзсан ирээдүй хүлээж байсан гэдэгт маргах хүн байхгүй” хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Ли Юйчен саяхан гэрлэсэн, азаар түүний эхнэр Ма Мингей сураггүй болсон онгоцонд байгаагүй гэнэ. Доктор Ли өмнө нь Бээжин хотын Цинхуа их сургуулийг барилгын инженер мэргэжлээр дүүргэсэн аж.

ХЯТАДЫН УРАН БИЧЭЭЧИД

Куала Лумпурт болсон соёлын үзэсгэлэнд оролцоод буцаж явсан Хятадын 24 зураач, тэднийг дагалдаж явсан таван ажилтан. Тэд бүгд Хятадын иргэн бөгөөд Жянсү, Сычуань, Синжянь мужаас ирсэн байжээ.

Тэдний нэг нь онгоцны хамгийн ахмад зорчигч, 79 настай Лоу Баотан гэгч. Түүний каллиграфийн бүтээлүүд Хятадын урлаг, соёлын олон үзэсгэлэнд тавигдсан төдийгүй Британи, АНУ-д ч түгжээ. Түүний хамт мөн 79 настай каллиграфчин Фан Жао Жао гэгч явж байжээ. Амьдралынхаа туршид хэдэн мянган бүтээл туурвисан тэрбээр тэтгэвэртээ гарсан гэнэ.

ХҮҮДЭЭ ЯАРСАН ААВ, ЭЭЖ

АНУ-ын “XCoal” фирмд ажилладаг энэтхэг гаралтай канадын иргэн Муктеш Мукержи. Өдгөө 42 настай тэрбээр 2002 онд Хятадад албаны шугамаар явж байгаад эхнэр Бай Сьяамотой танилцаж, удалгүй гэрлэжээ. Хосууд Монреалд амьдарч байгаад удалгүй Бээжин рүү нүүсэн байна. Тэд саяхан Вьетнамд далайн эрэгт амарчихаад гэртээ харихаар онгоцонд суужээ. Эхнэр Бай Сьяомо нислэгийн өмнөхөн амралтынхаа гэрэл зургаас сошиал сайтад оруулсан байв. Хосууд Бээжинд, гэртээ хүлээж суугаа хоёр хүү рүүгээ ихэд яарч байсан тухайгаа мөн бичжээ.

Энэтхэгийн Засгийн газарт сайдын алба хашиж байсан Мукержигийн өвөө нь 1970-аад онд Нью-Делид онгоцны ослоор амь үрэгдэж байсан гэнэ. Тиймээс уй гашуу дахин давтагдахгүй гэдэгт найдаж суугаагаа Мукержигийн гэр бүлийнхэн илэрхийлсэн байна.

ШИНЭ АЖЛЫН ГАРАА

Дэлхийд алдартай “IBM” группийн удирдах албан тушаалтан Филип Вуд (50 настай). Техасаас гаралтай тэрбээр MH370 нислэгээр зорчиж явсан АНУ-ын гурван иргэний нэг. Аяллын донтон гэгддэг тэрбээр Малайз дахь салбарт ажиллахаар томилогдсон бөгөөд шинэ ажил, шинэ орчинд очоод ихэд баяртай байсан тухай түүний дүү Жеймс “Уолл Стрит”-д ярьжээ. Филип Вуд Куала Лумпурт төвхнөхөөсөө өмнө Бээжин орохоор гэж байсан гэнэ. Тэрбээр хоёр хүүтэй байжээ.

Шинэ ажилд томилогдож, ажлын гараагаа эхлүүлэхээр явж байсан өөр нэг зорчигч бол Шинэ Зеландын иргэн Пол Уикс. Өмнө нь цэргийн албанд ажиллаж байсан тэрбээр механикийн инженерээр Монголын уул уурхайн компанид ажиллах санал хүлээн авсан байжээ. Тэрбээр гэрээсээ гарахын өмнө хуримын бөгж, цагаа тайлж, эхнэртээ үлдээгээд, хожим хоёр хүүдээ өгөхийг захиад гарсан гэнэ. “Надад ямар нэг муу зүйл тохиолдвол хуримын бөгжийг том хүүд, бугуйн цагийг бага хүүд минь өгөөрэй” хэмээн захисан тухай түүний эхнэр Дэника Уикс ярьжээ.

Түүнчлэн Малайзад төрж өссөн Мухд Софуан Ибрагим Бээжин дэх Малайзын олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яамны салбарт ажиллахаар Хятад явах гэж байжээ.

НАЙЗУУДЫН АЯЛАЛ

Тулааны урлагийн эксперт, жүжигчин Жет Лигийн орлон тоглогчоор ажиллаж байсан 35 настай Жу Кун. “The Forbidden Kingdom” буюу “Хориотой хаант улс” тэргүүтэй олон кинонд тоглож байсан тэрбээр Малайзад бүжиг дэглээчээр ажиллачихаад буцаж байжээ. Тэрбээр онгоцонд найз Дин Лижуны хамт явж байсан гэнэ. Дин нь жилийн өмнө барилгын компанид ажиллахаар Малайзад очоод, гэртээ харих гэж явжээ.

Түүнчлэн онгоцонд Непал руу аялчихаад гэр рүүгээ буцаж явсан есөн найз байсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж