“Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал 2014” онол, практикийн бага хурал Орхон аймагт эхэллээ. Уг хурлыг “Монголын Уул, уурхайн үндэсний ассиоцаци”, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулж байна.
Гурав дахь жилдээ болж буй уг хуралд Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч, эздийн холбоо, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн төлөөллүүд илтгэл тавилаа. “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ 2014” онол, практикийн бага хурлын гол зорилго нь Монгол Улсад үйлдвэрлэлийн ослыг тэглэхэд оршиж байгаа юм. Мөн Хөдөлмөр, эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, арга зүйн зөвлөмж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулга, уул уурхай, барилга, зам тээврийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.
Монгол Улсад 2005-2013 онд уул уурхайн салбарт 629 удаа үйлдвэрлэлийн осол гарч 644 хүн өртөж 225 нь нас барж, 100 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 401 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Тэгвэл барилгын салбарт уг хугацаанд 581 осол гарч 246 хүн нас барж 130 нь хөгжлийн бэршээлтэй болсон байна. Мөн уул, уурхайн салбарт мэргэжлээс шалтгаалах өвчин ихэссэн бөгөөд нэгээс таван жил ажилласан иргэн уушгины тоосжилтын өвчнөөр өвчилж байна. Монгол Улсад үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын ар гэрт олгодог мөнгөн тэтгэмж нь олон улсынхтай харьцуулахад бага байгаа юм. Тухайлбал, ОХУ-д нэг сая рубль байдаг бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК 17-18 сая төгрөг өгдөг байна. Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, монгол хүний үнэлэмжийн асуудал хөдөлмөрийн зах зээлд доогуур үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн үйлдвэрлэлийн ослыг нуун дарж, мэдээлэхгүй байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулахад тушаа болж байна.
Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах 130 гаруй стандарт байдгийн 70-80 хувь нь 1970 онд батлагдсан ажээ. Иймд зарим стандартыг өөрчлөх, хууль эрх зүйн орчинг шинэчлэх, ялангуяа MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэйг хуралд оролцогсод онцолсон юм. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл санаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулах, хамгаалахад тухайн үйлдвэрийн нийт орлогын 5 хүртэлх хувийг зарцуулах ёстой гэж туссан байна. Үүнээс гадна жил бүр гарч буй үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь ажил олгогч байгууллага, эзэд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладагүй, дотоод хяналт сул, ажилтны зан байдлыг анзаардаггүй, сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал нь ажлын бүтээмжтэй хосолмол гэдгийг ойлгодоггүй зэрэг олон асуудлыг энэ хурлаар хэлэлцэж, хууль эрх зүйн орчноо шинэчлэх, ажилтан, удирдлагын хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал гарлаа. Уг хурал хоёр өдөр үргэлжилнэ.