Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

бизнесийн орчинг таатай болгосноор сэргэлт ирлээ

Эдийн засгийн тогтолцоог хүний бие юм гэж үзвэл
зүрх нь хувийн өмч, цус нь эд баялаг,  харин мөнгө нь
цусыг хэрэгцээт газар хүргэх судас мөн.
Түгээмэл тохиолддог ташаарал бол судас болдог
мөнгийг цус болох эд баялагтай андуурах явдал юм.

Уоррен Эдуард Баффет
“Омаха-гийн зөнч” хочит тэрбумтан

Ойлголт зөв бол үйлдэл зөв

Засгийн газрын үндсэн зорилт нь мөнгө олох, үржүүлэх, хурааж хуримтлуулах огтхон ч биш юм. Ард иргэдийнхээ амгалан тайван, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь бүх Засгийн газрын ариун зорилт байдаг. Харин энэ зорилгоо биелүүлэхийн тулд юуг, хэрхэн төлөвлөж, юу хийж, амжуулав гэдгээс ялгаа нь харагдна.

Өмнөх Засгийн газар мөнгийг эдийн засаг хэмээх бие махбодыг тэтгэх “цус” гэж ойлгож байснаас хавтгайруулан тараах аргыг дагнан хэрэглэснээр сүйрүүлчих дөхсөн. Шинэчлэлийн Засгийн газар энэ алдааг давтахгүйн тулд зөв ойлголтоо эхлээд олж авчээ. Ерөнхий сайд мөнгийг судсаар гүйх “цус” биш, харин цусыг эргэлдүүлэх судас гэдгийг баттай ойлгож байгаа учраас шийдвэр, үйлдлүүд нь зөв байна. Тийм учраас эдийн засгийг томруулах баялаг хэмээх “цусыг” эргэлдүүлэгч, хэрэгцээт газар нь хүргэгч судсыг(мөнгийг) бөглөрөлгүй, чөлөөтэй урсгалтай байлгахыг зорьж байгаа ажээ. Энэ бол ойлголт, хандлагын асар том зөрүү.

Мөнгө цус биш, судас болох нь

Монголчууд бид хэрэглээнийхээ 85 хувийг нь импортоор хангадаг. Ядаж хүнс, хувцас хунараа дотоодоосоо хангачих гэж өнгөрсөн хугацаанд боломжоороо оролдож ирсэн. Бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хэсгийнхэн маань хэрэгцээ ба нийлүүлтийн зөрөөг харж байгаа учраас зүгээр суугаагүй. Тэдний “эх оронч” овсгоог дэмжигчид, санхүүжүүлэгчид нь арилжааны банкууд, гадаадын хөрөнгө оруулагчид л байлаа.

Улсын эдийн засгийн эрүүл мэндийг хариуцдаг Засгийн газрууд судасны хатуурал, цусны дутагдалд орчихоод байгаа эдийн засагтаа огт санаа тавьж байсангүй. Дахиж сонгогдох, эрх мэдлээ хадгалах нь тэдний гол зорилт байсан болохоор судсаа бэхжүүлэх, бөглөрөлгүй болгох зэрэг суурь эмчилгээг хийлгүй, зүгээр л цус цутгахыг эрхэмлэж ирсэн хэрэг.

Шинэчлэлийн Засгийн газар асуудлыг үндэсний рэх ашгийн үүднээс харж байгаагийн шинж тэмдэг нь байгуулагдснаасаа хойш үйлдвэрлэл, бизнесийг идэвхтэй дэмжиж ирсэн явдал юм. Даяар эдийн засгийн хямралын нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс татарч, хүндхэн орчин тулгарсан ч Шинэчлэлийн Засгийн газар Монголбанк, арилжааны банкуудтай нягт ойлголцож, хамтран ажилласаны хүчинд бизнесийн судасны цохилт зогссонгүй. Нийт дүнгээрээ 2013 онд ДНБ 11 хувийн өсөлттэй гарлаа.

2014 онд Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн судас болсон мөнгийг ажил хэрэгч, бүтээгч хэсгийнхнээ дэмжихэд зориулан, эрч хүчтэй ажиллаж, банкуудтай хамтын ажиллагаагаа  үүнд чиглүүлэхээр төлөвлөснөө оны эхэнд танилцуулсан. Ирэх онуудад хэн эх орон, ард түмэндээ хэрэгцээтэй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг санаачилна, тэр бизнесээ тэлэх, санхүүжилт авах боломжтой. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн эрүүл мэндийг сайжруулахыг тулд бизнес эрхлэгчэд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

Шинэчлэлийн Засгийн газраас бизнест үзүүлж байгаа дэмжлэгүүд

Юуны өмнө мөнгө, санхүүгийн дэмжлэг өгч байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2014 оны зорилт нь үйлдвэрлэлийг дэмжих, Монголдоо хий ж бүтээх. Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрүүдэд нийт 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг бага хүүтэй, тохиромжтой хугацаагаар өгнө. Одоо төслүүдийн сонгон шалгаруулах ажил шувтарч буй.

Эдийн засгийн өсөлт, бизнесийн судасны лугшилтыг эрүүл байлгадаг, дэмждэг гол салбар болсон арилжааны банкуудаа дэмжиж байна. Өнөөдөр арилжааны банкууд 10.7 их наяд төгрөгийн зээлийг олгосны 70 хувь нь аж ахуй нэгжүүдэд олгосон зээл юм. Арилжааны банкууд хуулиар хориглоогүй бүх төрлийн бизнесийг дэмжиж, өөгшүүлж байгаа. Цаашид 2014, 2015 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, экспортын орлого өсөхийн хирээр арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр ихсэнэ. Мэргэжилтгүүдийн тооцоогоор 2014 оны эцэс гэхэд арилжааны банкуудын зээлийн багцын хэмжээ 14 их наяд төгрөгт хүрэх төлөв байна. Энэ бол таатай чимээ мөн биз?

Арилжааны банкнуудын бизнест олгож байгаа зээлийн хүү тогтворжих хандлага ч ажиглагдаад байгаа билээ.

Олон улсын эдийн засгийн байгууллагууд, шинжээчид 2014 онд Монголын эдийн засгийн өсөлт дор хаяж 10 хувь байна хэмээн тооцолсон. Харин Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 14 хувьд хүргэхийн төлөө зүтгэхээ ард түмэндээ танилцуулсан. Зорилтынхоо төлөө мөнгөн санхүүжилтээс гадна бизнес эрхлэх хууль эрх зүй, бүртгэлтэй холбоотой хүнд суртал, шаардлагагүй зүйлсийг арилгах, цэгцлэхээ ч зарласан.

Түүнчлэн бизнесийн орчинг тогтвортой байлгах, дэмжих үүднээс дан ганц Засгийн газар биш Монголбанк ч бодлого, шийдвэрээ гаргалаа. Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ бага хэвээр нь үлдээхээр шийдсэн нь зээл олголт цаашид өсөх бололцоог нөхцөлдүүлэв. Шинэчлэлийн Засгийн газар дотоодын үйлдвэржилтийг дэмжснээр импортын инфляцийг бууруулах юм. Инфляци буурвал зээлийн хүү буурах нь тодорхой.

Оны эхний саруудын дүн мэдээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэн сэргэснийг бүгд мэдэж, харж байгаа. Оюу толгойн ил уурхай хэвийн ажиллаж байна. Зэсийн үнэ тогвортой, нүүрсний салбарт энэ оны 2-р хагасаас хойш эерэг өөрчлөлт гарах таамагтай явна. Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэгээр бизнесүүд тэлж, хөрөнгө оруулах, ашиг хүртэх таатай нөхцөл бүрдэж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын урсгал 2014 онд өнгөрсөн оныхоос 20 хувиар өсөх хүлээлт бий.

Шинэчлэлийн Засгийн газар бизнесийг хууль эрх зүйн хувьд дэмжихийг бас нэгэн зорилтоо болгосон. Уул уурхайд хөрөнгө оруулахтай холбоотой, гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой, тэдгээрийг дэмжих хуулиудад өөрчлөлт, нэмэл оруулан, зохицуулалт хийж цэгцэллээ. Одоо хөрөнгө оруулагчдад хуулийн өөрчлөлтүүдээ таниулах, мэдүүлэх, хөрөнгө оруулах итгэл найдварыг сэргээх чиглэлээр ажлууд хийж байна.

Хуулийн этгээдүүдийн цахим бүртгэлийг бий болгож, бизнесийн цаг хугацааг түргэсгэв. Мөн төрийн өмчийн эзэмшлийн компани, барилга байгууламжийг хувийн өмчлөлд шилжүүлж, тусгай зөвшөөрөл лицензийн шинэчлэлийг ид хийж байна. Барилга барихтай холбогдсон үй олон зөвшөөрлүүдийг цөөлөх, хялбарчлах, хөрөнгө оруулалтын агентлаг бий болгох зэрэг мөнгө даллах олон ажлыг дэс дараалан хийж, гүйцэтгэж яваа.

Чимээ ба найдлага
Товчхондоо эдийн засагт гарсан галын эх үүсвэрүүд тогтоогдож, унтарч байна. Одоо ажил, амьдралыг тэтгэх судасны гүйдэл хэвийн болно.

Монгол оронд монгол хүн зорих ажилтай, олох орлоготой, амгалан сайхан амьдралаа цогцлоох боломж бүрдэж эхэллээ. Үүнийг аажуухан наашлах мөнгөний чимээ дохиолж байна.

Дор бүрнээ хичээцгээе, монгол ахан дүүсээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж