Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо Монгол Улс тодорхойлсон. Бодлогын хүрээнд асар том бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр /5600 км төмөр зам барихаар/ “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлж, эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэл рүү 267 километр төмөр замыг тавихаар газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа юм. Газар шорооны ажил амжилттай явж талаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа байнга шахуу мэдээлдэг хэдий ч салбарын архаг мэргэжилтнүүд түүний үгийг үгүйсгэх нь олонтоо.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд барьж байгаа төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон Солонгосын “Самсунг Си энд Си” далангийг ажлыг дотоодын 12 компаниар хийлгэж байгаа юм. Гэрээний дагуу далан барих ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж, 2015 оны аравдугаар сард “Шинэ төмөр зам” төслийн эхний бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орсны туузыг хайчлах болов уу гэсэн битүүхэн горьдлогыг албаны хүмүүс тээж байгаа. Гэхдээ одоо болтол төмөр замынхаа царигийн өргөн, нарийнийг сонгоогүй нөхцөлд жил гаруйн хугацаанд Монгол экспортын төмөр замтай болж чадах уу гэдэг бүрхэг асуудал юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ирэх хаврын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг шийдэх болно гэж мэдэгдсэн. Дөрөвдүгээр сард нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх энэ асуудал мэдээж олон нийтийн анхаарлыг төвд байгаа шигээ улстөрчдийн сонирхлыг багагүй татах байх. Төмөр замын царигийн асуудлын хөндөх бүрт Монголын улстөрд халуухан “дажин” дэгддэг учраас л бодлого нь хэдийн тодорхойлогдчихсон атлаа царигийн асуудлаар дөрвөн жилийн турш хэрэлдлээ. Энэ асуудлыг хэлэлцэх цаг хойшлох тусам эдийн засаг, байгаль экологид үзүүлж буй эсрэг нөлөөлөл нь томорсоор байна.
Цариг Монголын үе, үеийн эрхбаригчдын толгойны өвчин байсан. Тиймээс Монголын амбиц гэхээсээ хөршүүдийн сонирхлыг нэгдүгээрт тавьсаар ирсэн билээ. Улстөрчдийн жижигхэн амбиц улс орныг хөгжил хүргэх хөтөчийн зам мөрийг бүдгэрүүлсээр өдий хүрсэн. Үнэндээ төр өөртөө ахадсан ачаа үүрч, хөрөнгө мөнгөний эрэлд хатаж байснаас хувийн хэвшлийнхэнд асуудал даатгачихаад санаа амар сууж болох л байсан шүү дээ. Харамсалтай нь Монголын төр бүгдийг хийх их хүсэлд автах тусам улс орны эдийн засагт үүсэх асуудал хурцадсаар байна.
Монголчуудыг мунгинаж, өөр хоорондоо “алалцаж” байхад урд хойд хөршүүд амбицаа нэгтгэж, төмөр замын гурван гарц нээх талаар зөвшилцөлд хүрчихлээ. ОХУ-БНХАУ хоорондын нүүрсний салбарт хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж, БНХАУ-ын зах зээл рүү чиглэсэн ОХУ-ын нүүрсний экспорт үсрэнгүй өсч байна. Гэтэл Монголын нүүрсний зах зээл хумигдаж, хүнд даацын авто машинуудын “хөлд” өмнийн говийн хөрс улаан нялга болчихоод байгаа. Экологийн асуудал байг гэхэд эдийн засагт аврах бүс хэрэгтэй биз дээ. Энэ аврах бүс бол экспортын төмөр зам гэдэг нь ойлгомжтой
Хэдийгээр царигийн асуудал шинэ сэдэв биш боловч хуучных гээд орхиж боломгүй том асуудал юм. Үүнийг сөхөх болсон шалтгаан нь сар хүрэхгүй хугацааны дараа нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх Монголын хөгжлийн хөтөч улстөрчдийн жижиг амбицаас болоод тээглэгдчихвий гэснийх юм.
Хэрэвзээ ирэх хаврын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадахгүй бол баялгаа зарж мөнгөтэй болно гэсэн том мөрөөдлөө Монгол толгойноосоо авч хаях хэрэгтэй болж байна.