
-Таньтай үзэл бодол нэгт Г.Уянга болон бусад хүмүүс өлсгөлөн зарлаад удаж байна. Үүнийг Та юу гэж дүгнэж байгаа вэ?
– Би өдөр болгон утсаар холбогдож байгаа. О.Магнай бид хоёр саяхан очиж уулзсан. Тавьж буй шаардлага, хийж буй тэмцлийг нь зөв зүйтэй гэж үзэж, дэмжиж байгаа. Бид ямагт иргэдийнхээ талд зогсоно. Ядарсан, зүдэрсэн ард түмэн амлалтаа нэхэх нь туйлын зөв. Шаардлага гарвал бид нэгдэж тэмцэнэ гэж бодож байгаа. Иргэний нийгмийн тэмцлийг эрх баригчид хэзээ ч мохоож чадахгүй гэдгийг бид батлан харуулах ёстой.
– Сүүлийн үед иргэний хөдөлгөөн, байгууллагууд төдийгүй иргэн хүртэл сэтгэлд нийцээгүй зүйлийнхээ төлөө өлсгөлөн зарладаг болжээ. Тэмцлийн хурц хэлбэр сонгох нь хэр оновчтой юм бол. Амлалт нэхэх ард түмний холбоог шаардаад эхлэхээр Засгийн газар 500 мянган төгрөг өгнө гээд л ярьж эхэлсэн. Өнөө маргаашийг харж, гал унтраах байдлаар асуудлыг шийдэх нь эргээд ард түмэнд дарамт болж байна. Бэлэн мөнгө тараагаад эхлэнгүүт талх, мах, цаган будаа гээд л өргөн хэрэглээний бараа шууд өсч байна?
– Заавал хуучин нийгмийн хүмүүс шиг хонь шиг номхон, загас шиг дуугүй байх албагүй. Иргэний нийгэм бол өөртөө итгэлтэй, идэвхитэй нийгэм байх ёстой. Хуучин коммунист нийгэмд бол зөвхөн баярын жагсаал болдог байсан. Харин өнөөгийн нийгэмд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улс төрийн эрх, эрх чөлөө бодит утгаараа хэрэгжиж байгаад би их баяртай байгаа. Мөн түүнчлэн хүмүүсийн сэтгэлгээ хурдтай өөрчлөгдсөн.Харамсалтай нь манай улс төрчид нийгмээсээ дэндүү хоцрогдсон.Тэдний толгойд үнэт зүйл, зарчим, үзэл санаа алга. Зөвхөн мөнгө тойрсон явцуу улс төр л байна. Энэ бол манай нийгмийн эмгэнэл юм даа.
-Иргэний хөдөлгөөнийхөн нэг хэсэг МАХН, АН-ын үйл ажиллагааг хүчтэй шүүмжилдэг байсан. Гэтэл одоо та хоёр АН-ын гишүүн болоод явж байгаа?
– Одоо шүүмжлэхэээсээ илүүтэй улс орны цоо шинэ бодлогын асуудлуудыг дэвшүүлж тавих нь зүйтэй. Нэг хэсэг долдугаар сарын 1-ний дараа нийгэм айдас хүйдэстэй байлаа. Яг л 1937 оны их аллагын дараах үе шиг нийгэм нэг хэсэг нам гүм байлаа шүү дээ. Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбоо өнгөрсөн сарын 11-нд хийсэн хурал, цуглаанаараа нийгмийн айдсыг бага ч гэсэн үргээж өгсөн байх гэж найдаж байна.
Иргэний хөдөлгөөний нэгдсэн их хурлаас бодлогын шинжтэй олон асуудлыг дэвшүүлж тавьсан. Ялангуяа улс төрийг хариуцлагатай болгох, төр, нийгмийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд иргэний нийгэм анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хүнээ бууддаг төр, сонгууль луйварддаг нам байна шүү, эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо олигархуудаас хамгаалах цаг болсон шүү гэдгийг Иргэний хөдөлгөөнүүд хүчтэй ярьж байгаа.
-Та хоёрыг АН-д гишүүнэр элссэнийг долдугаар сарын 1-ний хэргээс мултрах арга байсан гэж ойлгож болох уу?
– Долдугаар сарын 1-ний үйл явдал бол үндэсний бахархал гэж би боддог.
-Яагаад бахархал гэж. Гэмгүй олон иргэд хэлмэгдэж, таван хүн амь насаа алдсаныг бахархал гэж ойлгоход бэрх байна?
-Жирийн иргэд хэлмэгдэн, таван хүн амь насаа алдсан нь мэдээж аймшигт явдал л даа. Гэхдээ шинэ монголчууд тэмцэж чаддаг гэдгээ харуулсан гайхамшигтай үйл явдал. Яг 1932 оны ардын бослого шиг. Ард Аюушийн Цэцэгт нуурын тэмцэл шиг түүхэнд үлдэнэ. МАХН монголын ард түмнийг олон арван жил доромжилсоныхоо хариуг авсан. Айлын аавыг нь буудаж, авдрыг нь тонож, бурхныг нь шатааж явсан МАХН-ын нүгэл нүдээрээ гарсан байх.
Харамсалтай нь долдугаар сарын 1-ээс болж олон хүн хэлмэгдсэн. Тиймээс ч хилс хэргээр шоронд хоригдсон 390 залууг суллуулахын тулд бид АН-д орсон юм. 390 залуугийн цаана 390 эхийн нулимс урсаж байхыг хараад би тэсээгүй. Одоо үнэнээ хэлье.
-Юун тухай. Та өмнө нь худал хэлдэг байсан юм уу?
-Тэр үед эрх баригчид залуучуудыг чинь суллая, дахиад жагсаал тэмцэл хийхгүй биз гэж биднээс ам тангараг авч байсан. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөр гэж тэд биднээс шаардаж байсан. Бид буулт хийсэн. Гэхдээ бууж өгөөгүй. Хэзээ ч бууж өгөхгүй. Улс төрийн шалтгаанаар нэг ч хүн хэлмэгдэх ёсгүй гэж би үздэг. Би хэлмэгдлийн гашууныг мэднэ. МАХН монголчуудыг дөрвөн үеэр нь алж устгасаныг бид хэзээч мартах ёсгүй.Иймээс л би АН-д элссэн. Хэрэв бид АН-д ороогүй байсан бол өдийд лав Н.Энхбаяр ерөнхийлөгч болчихсон бид шоронд хатаж байх байсан биз.
-Таныг хууль зүйн ухааны доктор хүн гэдгийг санаж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлыг УИХ-д тавьсан нь дэндүү ичмээр алдаа бус уу?
-Танд би Монгол улсын Үндсэн хуулийн III бүлгийг унш гэж зөвлөмөөр байна. Бид харъяалал андуураагүй. Харин хариуцлагаас зугтдаг нөхдүүд хариуцлагагүй мэдэгдэл хийж байна билээ. УИХ нь улс, нийгмийн дотоод, гадаад аливаа асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй гэж Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. Тэнэг хүн ч ойлгохоор хуулийн тодорхой заалтууд бий.
-Төрийн өндөрлөгүүдэд тавьсан шаардлагын хариуг авах өдөр ойртож байна. Шаардлагын хариу нь өгсөн өдрөөсөө л тодорхой мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Та бүхний тавьсан шаардлагыг эс биелүүлвэл бас өлсгөлөн зарлах уу?
– Харж л байя. Ямар хариу өгөхөөс л хамаарах байх. Бид төрөөс хариуцлага нэхэж байгаа. Хариуцлагагүй нөхдүүдтэйгээ хариуцлага тооцооч л гэсэн хүсэлт тавьсан. Ялангуяа хүний аминд хүрсэн, хариуцлага алдсан сайдуудыг огцруулах асуудалд бид анхаарлаа хандуулна. Монгол хүний амь нас үнэ цэнтэй гэдгийг л төрд мэдрүүлэхийг хүсч байгаа юм.
-М.Ичинноров Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон. Таньд энэ албан тушаалыг санал болгосон бол та зөвшөөрөх байсан уу?
– Би хоцрогдсон коммунистуудтай хэзээ ч нийлдэггүй. Бидний өвөг дээдсийг алж, соёлын үнэт зүйлсийг маань устгасан улс төрийн хар хүч болох МАХН-ыг татан буулгах ёстой гэдэг хатуу итгэл үнэмшил надад бий. Гэхдээ М. Ичинноровын хувийн сонголтыг нь би хүндэтгэж байна. Эх орноо өөрчилж шинэчлэхийн төлөө чөтгөртэй ч нийлэх үе улс төрд гардаг гэдгийг би сайн мэднэ.
-“Иргэдийн шударга фронт”-ын Г.Арсланг та тагнуул гэж мэдэгдсэн байна лээ. Хүнийг ямар ч баримтгүйгээр хэлж болж байгаа юм уу?
-Тэр хүн тэгж хэлсэн байна, ингэж байна гэдэг яриаг одоо орхиё тэгэх үү. Ийм зүйл ярьснаар улс орон хөгжих биш дээ.
– Та иргэний хөдөлгөөний дуу хоолой болж байгаа, залуу хүний хувьд Монголын хөгжлийн ирээдүйг яаж төсөөлж байна вэ?
– Тогтвортой хөгжлийн гурван үндсэн тулгуур бий. Нэгдүгээрт боловсролтой иргэн, хоёдугаарт эрүүл иргэн, гуравдугаарт эрх зүйн шударга зохицуулалт гэж үздэг.
Оюу толгой, Таван толгойн ашгийг бид юун түрүү оюунлаг толгой болгож хувиргах хэрэгтэй. Томоохон уул уурхайн ордуудын ашгийн 30-аас доошгүй хувийг боловсролыг дэмжихэд зарцуулах ёстой гэж бид үзэж байгаа. Жил бүр дэлхийн топ их сургуулиудад нарийн мэргэжлээр 10 мянган монгол оюутан суралцуулах нь зүйтэй гэсэн саналыг Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбооноос тавьж байгаа юм. Дэлхийн боловсролын стандартыг эх орондоо нэвтрүүлэх чиглэлд дорвитой реформ хийе, англи хэлийг монгол улсын албан ёсны хоёр дахь хэл болгоё, кирилл үсгээс татгалзаж латин үсгийг албан ёсоор авч хэрэглэе гэсэн саналууд ч гарч байна. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй, түүнээс бус дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй гэдгийг ойлгох цаг болсон.
Хоёр дахь том хөгжлийн асуудал бол орчин үед эрүүл иргэнтэй байх асуудал. Энэ бол өргөн ойлголт. Эрүүл амьдралын хэв маягаас эхлээд иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал хүртэл энд багтана.
Эрх зүйн шударга зохицуулалт бол манай нийгмийн тулгамдсан асуудал. Бид эрх зүйн философио өөрчлөхгүйгээр өндөр хөгжилд хүрч чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Хууль бол өөрийн философи, үнэт зүйл дээр тулгуурладаг гэдгийг ухаарах цаг болсон. Хуучин нийгмийн хуульд өнгөц засвар хийх маягаар шинэ нийгмийн харилцааг бүрэн зохицуулах боломжгүй гэдгийг цаг хугацаа бидэнд хангалттай харууллаа.
Дэлхийн томоохон эрдэмтэн судлаачид ч гэсэн ийм л дүгнэлтэд хүрч байна.
Монголд бүх юм байна. Даан ч шинэ нийгмийн үнэт зүйл, философи нь төлөвшиж чадахгүй байгааг хараад тэд толгой сэгсэрч байна.
– Таньд Европын их сургуулиас илтгэл тавих урилга ирсэн гэж сонслоо?
-Эрх зүй болон иргэний нийгмийн чиглэлээр зохиогдож буй олон хурал зөвлөгөөнд би байнга оролцдог. Энэ зун ч гэсэн Европын их сургууль болон олон улсын ардчиллыг бэхжүүлэх сангаас зохион байгуулах хэд хэдэн хуралд оролцож илтгэл тавихаар бэлтгэж байна.
– Таны ажилд амжилт хүсье.
Х.Сүрэн