Амьтдыг харангатахаас хамгаалж хиймэл нуур байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Амьтдыг харангатахаас хамгаалж хиймэл нуур байгуулжээ

Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогдсон байна. Аймгийн Байгаль орчны  газраас эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьснаар Дун-Юань ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо, Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн мөс, Чин Хуа Мак ХХК  Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр  40 тонн мөс, МАК ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчимд 25 тонн мөс, South govi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулжээ. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийг шийдвэрлэж, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Одоогоор Өмнөговь аймгийн Говийн бага дархан цаазат газар нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашигласан хоёр ширхэг гүний худаг байгуулахаар гүйцэтгэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тус аймгийн Байгаль орчны газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санаачлан туруутан амьтад нутагладаг газруудад хиймэл нуур байгуулж, ус зөөвөрлөх ажлыг хийж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж