-Монгол орноо төлөөлөөд томоохон фестивальд оролцоод иржээ, сэтгэгдэл хэр байна вэ?
-Маш гайхамшигтай, сэтгэгдэл төрсөн. Тэндхийн манай консулынхан ч хэлж байсан “Монгол Улсаа төлөөлөн анх удаа ийм том фестивальд оролцлоо” гэж. Ийм том бүрэлдэхүүнээрээ сонгодог уран бүтээлчид оролцсон нь анх удаа шүү дээ. Энэ ч утгаараа маш гоё сэтгэгдэл төрсөн. Нийтдээ таван өдөр үргэлжилсэн фестиваль болсон. АНУ-д ажиллаж амьдардаг монголчууд маш олон байдаг юм байна лээ. Үзэж байгаа хүмүүсийн бараг л дөрөвний нэг нь монголчууд байсан шүү. Тэнд миний сонссоноор 50 мянган монголчууд ажиллаж амьдарч, суралцдаг гэсэн.
-Тоглолтын юу нь илүү таалагдсан бэ?
-Тэнд тоглолт хийхэд маш гоё санагдсан. Танхим дүүрэн хүмүүс маш өндөр соёлтой байсан нь надад их таалагдсан. Урамтай санагдсан шүү.
-Тоглолтын үеэр та бүхнийг монголчууд, үзэгчид хэр хүлээж авсан бэ?
-Амеркчууд үндэсний урлаг их сонирхдог юм байна лээ. Тэр ч утгаараа биднийг маш сайхнаар угтаж авсан. Монголчууд маань сэтгэлээрээ хүлээж авсан. Гала тоглолтын үеэр манай уран бүтээлчид хэд хэдэн Монгол уран бүтээлээ тэдэндээ хүргэсэн. Монголчууд маань зүрхэн тушаа гараа тавиад босч зогсоод “Халуун элгэн нутаг” дууг хамт дуулаад уйлж байсан нь сэтгэлээс гарахааргүй сайхан санагдсан. Эх орноо санасан хүмүүс л байдаг юм билээ.
Удирдаач, ерөнхий зохион байгуулагч нь Стэнфордын хөгжмийн их сургуулийн доктор профессор Джин Доу Цай-тай хамт монголын сонгодог уран бүтээлчид
-Хэчнээн орны уран бүтээлчид “Pan Asian festival”-д оролцсон бэ. Манай уран бүтээлчид нээлтэн дээр нь дуулсан уу?
-Аливаа тоглолтын сүүлд нь хамгийн алдартай уран бүтээлч бүтээлээ үзэгчиддээ танилцуулдаг. Хамгийн хүнд бүтээлийг чадварлаг уран бүтээлчээрээ дуулуулж, төгсгөлд нь тайзнаа гаргадаг шүү дээ. Манай уран бүтээлчид тайзан дээр хамгийн сүүлд гарч уран бүтээлээ хүргэсэн. Эхэнд нь харин Төвдийн уран бүтээлчид, дараа нь Хятадын уран бүтээлчид харин хамгийн сүүлд бид нар тайзнаа гарсан даа.
-Удирдаачаар нь хэн гэдэг хүн ажилласан бэ. Азийн томоохон фестиваль учраас чадварлаг удирдаач ажилласан болов уу?
-Удирдаач, ерөнхий зохион байгуулагч нь Стэнфордын хөгжмийн их сургуулийн доктор профессор Джин Доу Цай байсан. Джин Доу Цай удирдаачийн хайртай уран бүтээл нь болох Вердийн томоохон “Реквием” дуурийн цомнолыг дөрвөн гоцлол дуучин дуулсан. Уг уран бүтээлийг тусгайлан дуулах гэж хоёр ч удаа дуулсан. Гэхдээ жинхэнэ утгаар нь 1200 хүний суудалтай “Memorial” сүмд дуулсан юм. Акустикийн нисэлтийг маш гоё шийдсэн газар байсан. Мөн маш өндөр хариуцлагатай байсан шүү.
-Нэг зүйл надад их сонирхолтой санагдаж байна. Стэнфордын хөгжмийн их сургуульд нь суралцдаг Монгол оюутан байсан уу?
-Стэнфордын их сургууль АНУ-ын эхний аравт багтдаг маш том сургууль. Уран бүтээлчдийн хувьд энэ сургууль бол маш том мөрөөдөл шүү дээ. Маш өндөр үнэтэй, өндөр боловсрол олгодог, авьяастай уран бүтээлчид суралцдаг сургууль. Хамгийн бахархмаар нь Монгол оюутан байсан шүү. Хөгжмийн зохиолч н.Бэхээ гэдэг хүн уг сургуульд доктор хамгаалахаар суралцаж байсан. Хүн бүхэн уг сургуульд сурах гэж мөрөөддөг гэхдээ тэр болгон боломж байгаад байдаггүй шүү дээ. Тийм болохоор Бэхээгээр би маш их бахархсан. /Инээв/
-Цаг агаарын болоод цагийн зөрүү манай уран бүтээлчдэд хүндрэл учруулсан уу. Танд хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Цаг агаар маш дулаахан байсан. Тэнд уг нь өвөл болчихоод байгаа гэсэн мөртлөө 17-20 градус дулаан байсан. Харин цагийн зөрүү хамгийн хэцүү нь байсан шүү. Цагийн зөрүүг гаргах гэж бөөн юм болсон. 17 цагийн зөрүүтэй гэхлээр их асуудалтай. Гэхдээ манай уран бүтээлчид цагийн зөрүүнд амархан дассан. Мэдээж уран бүтээлийн хувьд хүндрэл байгаагүй, дандаа мэргэжлийн уран бүтээлчид учраас хүндрэлтэй асуудал гараагүй.
"Bing concert hall" тоглолтын их танхим
Golden bridge
Пан Азийн фестивалийн хөтөлбөр