Обама Украины шинэ Засгийн газрыг дэмжсэнээ харуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Обама Украины шинэ Засгийн газрыг дэмжсэнээ харуулав

АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордонд Украины Засгийн газрын тэргүүнийг хүлээн авлаа. Крымд түрэмгий бодлогоо үргэлжлүүлсэн нөхцөлд Орост хариуцлага үүрүүлэх болно хэмээн Обама хэлжээ.

Хэрэв Орос түрэмгий бодлогоо  Крымд үргэлжлүүлбэл АНУ болон бусад улс орнууд “Москвад хариуцлага үүрүүлэх болно”, Крымын бүх нийтийн санал асуулгатай холбоотой бүхий л төлөвлөгөөг бид нэг мөр үгүйсгэж байна” гэж Обама мэдэгдлээ. Мөн тэрээр санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцлов. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёрын хийж байгаа хэлэлцээр нь Крымын бүх нийтийн санал асуулгын асуудлаар Москвагийн байр суурийг өөрчлүүлэх найдлага байгааг хэллээ.

Барак Обама Цагаан ордонд Украины ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюкийг бэлгэдлийн чанартай хүлээн авсны дараа энэ мэдэгдлээ хийжээ. Уулзалтын гол зорилго нь Украины шинэ Засгийн газрыг дэмжиж буйгаа харуулах явдал байлаа.

Яценюк хариуд нь мэдэгдэхдээ, “Украин газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд хэзээ ч бууж өгөхгүй” гэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж