Үнэгүйн төлөөх тэмцэл

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Үнэгүйн төлөөх тэмцэл

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн төвийн эмч нар өнөөдөр тохиож буй Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна. Монголын таван хүн тутмын нэг нь бөөрний өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг гэнэ. Тиймээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг онцгой анхаарал хандуулан ажиллахаар болсны эхлэл нь Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэж, иргэдэд мэдээ, мэдээлэл ахиу өгөхийг зорьжээ. Ажлын эхлэл болгон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эмч нар өглөө 10:30 цагт бөөрний өвчлөл, хэрхэн сэргийлэх талаар танилцуулга хийн, мэдээлэл өгсний дараа 13:00 цагаас эхлэн иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн гэнэ.

Гэтэл “Бөөрний шинжилгээг үнэ төлбөргүй авч байна” гэсэн сургаар хүмүүс үүрийн 05.00 цагаас урт дараалал үүсгэжээ. Өглөө 10.00 цагийн үед манай сурвалжлах баг Улсын нэгдүгээр төв дээр очлоо. Гуравдугаар давхрын бөөрний тасгийн үүдэнд иргэд дугаарлажээ. Зарим хүн шээснийхээ сорьцыг авчирсан харагдлаа. Өдрийн 13.00 цагаас эхлэх шинжилгээ, зөвлөгөө өгөх ажилдаа эмч нар аль хэдийн орсон байлаа. Учир нь, үүр шөнөөс эхлэн дугаарласан иргэд эмч нарыг яаралтай үзэхийг шаардаж байсан юм.

Харин 10.30 цагт эхэлсэн бөөрний өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх, бөөрөө хамгаалах аргачлалын талаар зааж буй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд тун цөөн хүн байлаа. Гурван давхрын бөөрний клиникийн үүдэнд дугаарлах хүмүүсийг эхлээд зөвлөгөө аваад, хэрэгтэй асуултаа мэргэжлийн эмч нараас асуу гэтэл бүгд “Оочероо алдчихна шүү дээ. Зөвлөгөө, сургааль нь хэрэггүй. Хурдхан шиг үзүүлчихээд явмаар байна” гээд хурлын танхим руу явах шинж алга. Бөөрний шинжилгээнд хамрагдахаар ахмад настай хүмүүс ихэвчлэн иржээ. Гурван давхрын бөөрний тасаг руу орсон, гарсан хүн бүрийг оочерлосон хүмүүс байцааж, орилолдоно.

-Оочер дайрдаг чи хэн юм бэ? Өө эмч нар нь таньдаг хүмүүсээ түрүүлээд оруулчихлаа шүү дээ гээд орилон, зай завсаргүй эмчийн хаалга руу дайрна. Нэгдүгээр эмнэлгийн харуул, хамгаалагч нар ирж, зохицуулахыг оролдсон ч тус болсонгүй.

-Ар араасаа цуваад зогсчих. Гаднаас эмч, сувилагч нарыг маань оруулчих. Ханаа дагаад хоёр эгнээ болчих. Санаа зоволтгүй, та нарыг бүгдийг үзнэ. Арван эмч ажиллаж байгаа. Арав, арваараа дотогш ороод үзүүлчих гээд л Нэгдүгээр эмнэлгийн харуул, хамгаалагчид гуйгаад байдаг. Тоож байгаа хүн огт алга.

Шил тасхийн хагарах чимээ гарлаа. Арын эгнээнд байсан хүмүүс давхийн цочиж,
-Юу болов. Яав гэж гайхсан, сандарсан байдлаар харж байхад урд эгнээнд зогсч буй оочер дайруулахгүй гэж улайрах хүмүүс огт тоосон шинжгүй хэрүүлээ үргэлжлүүлнэ. Бөөрний эмгэг судлалын клиникийн коридорын хаалганы шил хагарчээ. Нэг залуугийн толгойд хагарсан шил зоогдон, цус гоожсон харагдана. Оочероо алдахгүй гэсэн иргэд мөн л тоосонгүй. Дотогшоо орж, эмчид үзүүлсэн хүмүүс тун сэтгэл дундуур гарч ирж байна.

-Бөөрний шинжилгээ үнэгүй хийнэ гэсэн чинь ерөнхийд нь үзээд, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй. Яаралтай нарийн шинжилгээ хийлгээрэй гэсэн л зөвлөгөө өгч байна. Хайран цагаа үрлээ гэсэн хүмүүс эмч нарын үзэж буй газраас гарч ирцгээв.

Бид дотогш орж, эмч нараас шинжилгээний учрыг тодруулахаар боллоо. Гэтэл коридор дахь хүмүүс“Оочер дайрах гэлээ. Та нарыг бол тусгай үзэж өгнө биз” гээд хэл амаа билүүдэн, арайхийн дотогш орууллаа.

Нэгдүгээр эмнэлгийн Бөөрний клиникийн тасгийн өглөөний 08.20 цагаас 17.00 цаг хүртэл иргэдэд бөөрний архаг дутагдал байгаа эсэхийг тодорхойлохоор анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийж байна.

-Бөөр хамгаалах дэлхийн өдрийг Монгол Улсад зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоон баримтаас үзвэл арван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн өвчтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд таван хүн тутмын нэг нь бөөрний өвчтэй. Мөн 45 хүртэлх насны ид хийж бүтээх насан дээрээ эмэгтэйчүүдийн гурван хүн тутмын нэг нь бөөрний өвчтэй гэсэн судалгаа байдаг юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгээр жилдээ 25 мянга орчим хүн бөөрний нарийвчилсан шинжилгээнд хамрагддаг. Үүнээс 3500-4000 хүн нь бөөрний тасгаар хэвтэж эмчилгээ хийлгэдэг. Мөн жилдээ 180-200 орчим бөөрний архаг дутагдлын өвчтэй хүн шинээр бүртгэгддэг гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч онцолж байлаа.

Монголчууд үнэгүй зүйлд дуртай гэдэг. Бөөрний шинжилгээ үнэгүй авч байна гэсэн сургаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гуравдугаарт давхар оочерлосон 200 хүрэхгүй хүн өнөөдөр хэрүүл маргаан, дуулиан шуугиан ихтэйхэн өнжиж байна.

“Дотор, бөөрний эмгэг судлалын клиникийн долоон их эмч, зургаан дагалдах эмч ажиллаж байгаа. Өнөөдөр бүгдийг нь үзэж амжина” гэсэн үгийг үл хайхран, нэгэнтэйгээ муудалцаж, орилолдох аж.


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж