-Шатахуун импортлогчидтой байгуулсан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх вэ. Хяналт хэр тавьж чадаж байна вэ?
-Нефть импортлогчидтой байгуулсан “Үнэ тогтворжуулах” хэлэлцээ, гэрээ үргэлжлээд явна. Нефтийн үнэ тогтож есийн тосны үнэ шиг тогтож байхгүй, 10, 20 төгрөгийн хэлбэлзэл гарна. Ийм хэлбэлзэл дээр Засгийн газар “Тэд үнээ нэмж байна” гэж шахахгүй. Тодорхой хэмжээний 5-10 төгрөгийн зөрүү хэлбэлзэл бол байна. Гэрээ үргэлжилнэ.
-Хомсдолын тухайд?
-Хомсдол байхгүй, хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол. Мэргэжлийн байгууллагуудын хэлсэн үгэнд итгэ.
-Иргэдээс “Аи-92 авто бензин худалдахгүй байна” гэх гомдлыг нэлээд тавьж байна?
-Хаана АИ-92 бензин байхгүй байна вэ. Таамаг асуултад хариулах боломжгүй, тодорхой газартай устай нь хэл.
-Гачууртад байхгүй байна. Амралтын өдрүүдэд хотын захын дүүргүүдийн “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцуудад АИ-92 худалдаагүй?
-Наад баримтаа О.Магнай, Г.Өлзийбүрэн даргад өг.
-Оюутолгой төслийн далд уурхай зогссоноос эдийн засагт нөөлөлөл үзүүлээд байна. Далд уурхайн ажил хэзээ эхлэх вэ?
-Оюутолгой төсөл дээр Засгийн газар жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Монголын Засгийн газраас хамаарч байгаа юм нэг ч байхгүй. Дэлхийн зах зээлийн байдал ноднин жилээс эхлэн муудсанаар хөрөнгө оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг дээр “Рио Тинто” эргэлзэж байгаа. Эрдэс баялгийн үнэ унаж байхад хөрөнгө оруулах шаардлага байна уу гэдгээ харж байгаа юм. Хоёрдугаарт, огт үйл ажиллагаагаа зогсоочихоогүй, далд уурхайн ажлаа эхлүүлнэ гээд ажиллаж байгаа. Саяхан Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал болсон, ойрын хэдэн сард хийх ажлуудаа ярьсан.
-Буянт-Ухаа хорооллын орон сууцанд хэчнээн иргэн захиалга өгөө бол. “ТҮЦ машин хурууны хээ танихгүй байна” гэх гомдлыг иргэд хэлж байна?
-ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгаж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан чухал арга хэмжээ. Орон сууцны захиалгыг хуучин аргаар авсан бол өнөөдөр баахан зодоон болж байгаа, дугаарлаад. Зарим нэг иргэн онлайнаар захиалга авахгүй яасан юм бэ гэж хэлж байна лээ. Энэ бол том дэвшил болсон, Улаанбаатар хот болоод орон нутгийн хэмжээнд 48 ТҮЦ машин ажиллаж байгаа. Түүнд иргэд иргэний үнэмлэхтэйгээ очоод л бүртгүүлчихнэ. Өмнө нь өчнөөн цаас бүрдүүлдэг байсан шүү дээ. Аймгуудын дарга нар ч ч утасдаж байна лээ, “ТҮЦ машинаас зөвхөн лавлагаа авдаг” гэж боддог байсан, орон нутагтаа тодорхой асуудлаар санал авч болох нь гэж байсан.
-Төсвийн орлого тасалдаж байна гэх. Зарим нүүрсний компаниуд НӨАТ төлөхгүй байх хэмжээнд хүрч алдагдалтай ажиллаж байна гэх юм?
-Төсвийн орлого тасалдсан зүйлгүй. Нүүрсний үнэ дахиад буучихсан учраас экспорт нэмэгдсэн ч орж ирж байгаа орлого нь ахихгүй байна. Эхний хоёр сарыг авч үзтэл гадаадаас импортоор орж ирдэг барааны хэмжээ багасч байгаа юм билээ. Энэ бас ч гэж дэвшил шүү. Хэрэггүй бараа авдаггүй болж эхэлж байна.
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг албан тушаалд нь эргүүлж томил гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Эргүүлж томилох уу?
-Шүүхийн шийдвэрийн талаар би юм ярьдаггүй.
-Валютын ханшийг хөөрөгдсөн этгээдүүдийн нэрсийг зарлана гэсэн хэзээ вэ?
– Валютын ханшийн тухайд “Найман шарга” зах болоод зарим арилжааны банкуудын хийж байгаа үйлдэл дээр ажиллаж байна.
-Зам тээврийн сайд А.Гансүх “Энэ онд 1800 км авто зам барих ёстой ч санхүүжилт нь 0 –ээр төсөвт суусан учраас энэ ажил мөрөөдөл боллоо” гэж байна?
-Дөрвөн сараас замын ажил эхэлнэ. Ноднин 570 орчим тэрбум төгрөг гаргахаар тооцоолсон, шийдвэр нь гарчихсан. Бүх ажлууд өнгөрсөн жил хийгдээгүй, энэ жил үргэлжилнэ. Мөнгөтэйгээ байгаа ажлууд эзэнтэй үргэлжилнэ. Говь-Алтай хүртэлх зам, Завхан аймгийн 100 гаруй км зам эзэнгүй, мөнгөгүй байгаа. Түүнийг яаж мөнгөжүүлэх вэ гэхээр та өнөөдөр мөнгөө гаргаад барьчихвал тодорхой хугацааны дараа Засгийн газар эргэж төлөх буюу Концессын журмаар ажил явуулна. Концесс зарлах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байна.
-Төмөр замын царигийг хэзээ шийдэх вэ?
-Төмөр замын цариг бол УИХ-аар оруулж шийдэх ёстой. Удахгүй асуудлаа УИХ-д оруулна.
-Нийтийн тээврээр зорчдог оюутнууд 5900 төгрөг төлөөд жилийн турш үнэгүй зорчиж байхад дунд сургуулийн сурагчид автобусанд суух бүрийдээ 200 төгрөг төлж байна. Таатай нөхцөлөөр зорчих боломжийг дунд сургуулийн сурагчдад олгож болдоггүй юм уу?
– Санал нэг байна. Завхарсан системийг өөрчилж шударга л болгох ёстой. Нийтийн тээврээр үнэгүй зорчсон иргэдийн нөхөн төлбөрт улсаас 53 тэрбум төгрөг гаргадаг. Нийслэлийн тээврийг ухаалаг болгоё гэдэг санаачилгыг хотын дарга Э.Бат-Үүл гаргаж, бид дэмжээд байна вэ гэхээр нөхөн төлбөр дунд 15 тэрбум төгрөг эзнээ олохгүй байна гэж байгаа. Хийсэн тооцоогоор шүү дээ.
Хүн зорчсон юм уу, үгүй юм уу мэдэгддэггүй. Ухаалаг тогтолцоог хэрэгжүүлбэл жилдээ 15 тэрбум төгрөг хэмнэнэ. Хулхиддаг юм алга болно. Яваагүй хүнийг явсан болгож мөнгө авдаг тогтолцоо алга болно гэсэн үг. Шударга л болъё, санал нэг байна. Тэгэхээр ухаалаг системийг энэ ондоо багтаагаад хийчихье гэж байгаа юм.
Ер нь Засгийн газрыг тэмцэж, хэрэлдэхэд хүргэдэг, цаг хугацаа алдуулж байгаа юм бол шударга бус зүйлс юм. Тэр бүхнийг шударга системд шилжүүлнэ гэдэг маш төвөгтэй байна. Шударга бус юман дээр паразитлаад суучихсан бүхэл бүтэн арми байдаг юм байна. Өдөр бүхэн сонин хэвлэлээр янз бүрийн юм чулуудуулж суудаг ажилтай. Дээр нь бас мөнгөтэй болчихсон, яагаад гэвэл 15 тэрбум төгрөгийг сул авч байгаа хүмүүс зүгээр байдаггүй юм байна л даа. Тийм учраас та бүхнийг зөв шударгын талд ажиллаасай гэж хүсч байна. Эхлээд шударга бус юмаа алга болгочихъё, тэгээд дараа нь наад асуудлыг шийдчихье гэсэн хариуг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрт оногдсон 30 минутаараа сэтгүүлчдэд өглөө.