Улирлын аварга төлөө өрсөлдөж буй “Хасын хүлгүүд” болон “Харцага”-ын тоглолтын эхний үе 25:24 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үе 51:48, гуравдугаар үе 70:70 харьцаатай тэнцээгээр дууссан.
Тоглолтод “Харцага”-аас Marcus Hammonds эхнээсээ л довтолгоонд тун идэвхтэй тоглож, 25 оноо, 10 самбар авсан. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр үеийн төгсгөлд түүний алдаа 6 болж, чухал үед талбайг орхисон. Мөн төвийн тоглогч П.Болортулгын дундын зайн шидэлтүүд гайхалтай байж, 20 оноо, 11 самбар авсан бол багийн ахлагч Б.Одбаяр чухал мөчүүдэд амжилттай довтолж, 18 оноо, 13 самбар авчээ. Мөн холбон тоглогч Г.Баттөр 15 оноо, 4 оновчтой дамжуулалт, Б.Дорждамба 4 оноо, 5 самбар, О.Золзаяа 2 оноо, 5 самбар, Г.Нэмэхбаяр 3 оноо авчээ.
Харин “Хүлгүүд”-ээс Т.Санчир довтолгоонд идэвхтэй байж, 26 оноо, 8 самбараар багаа тэргүүлжээ. Мөн легионер тоглогч Horace Bond 20 оноо, 7 самбар авсан бол Чу Мадуабум 18 оноо, 19 самбар авсан. Мөн А.Бямбадорж сэлгээнээс гарч, 11 оноо авсан бол Б.Билгүүн 9 оноо, 7 самбар, О.Сэргэлэн 2 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт, Б.Бадрах 4 оноо, З.Дэлгэрням 4 оноо авчээ.
Эхнээсээ тун өрсөлдөөнтэй явагдсан энэ тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс 4 минутын өмнө Б.Одбаяр болон П.Болортулга нарын довтолгоо амжилттай болж, 86:84 харьцаатай оноогоор илүү гарч чадсан. Улмаар “Харцага”-уудад энэ давамгайллаа баталгаажуулах боломж гарсан ч харамсалтай нь ашиглаж чадсангүй.
Олдсон боломжийг “Хүлгүүд” алдалгүй ашиглаж, Т.Санчирын холын зайн шидэлт амжилттай болсон. Мөн энэ цувралын турш сайн байгаа тэдний хамгаалалт амжилттай болж, Чу-гийн бөмбөг таслалт, О.Сэргэлэнгийн хурдан довтолгоо, Horace Bond-ын шидэлт амжилттай болсон. Ингэснээр энэ тоглолтод “Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд” баг 94:87 харьцаатай хожиж, цувралыг 3-0 болголоо. Цувралын дөрөв дэх тоглолт ирэх бямба гаригт 19.00 цагт Спортын төв ордонд болно.