Сонгуулийн хууль ингэж өөрчлөгдөх нь

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль ингэж өөрчлөгдөх нь

Сонгуулийн тухай хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Ямартаа ч энэхүү төсөл боловсруулагдаад дуусч буй бөгөөд хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Эхэнд сонгуулийн суртал­чилгааны зардлыг сонгуульд оролцож байгаа нам,  хамтарсан намууд өөрсдийн мөнгөөр болон хандиваар санхүүжүүлэхээр, нэр дэвшигчийн сон­гуу­лийн зардлыг нэр дэвшүүлсэн нам болоод нэр дэвшигч өөрөө хариуцна гэж заах. Сонгуулийн сурталчилгааны дээд хэмжээг тогтоож өгөх, үүгээрээ сонгуулийн зардлыг багасгая гэж байгаа гэнэ. 

Сүүлийн хоёр сонгуулийн зардал нь өмнөх сонгуулиас арав дахин өссөнөөс харвал сонгуулийн зардал их байснаар нэр дэвшигчид болоод нам хандивлагчдаас хараат болдог. Цаашлаад сонгогдсоны дараа хандивлагчдад тааламжтай шийдвэр гаргах нөхцөл үүсдэг учраас ажлын хэсгийн хамгийн анхаарал тавьж байгаа зүйл нь энэ гэнэ.

Мөн сонгууль зарласнаас хойш сонгуулийн хандив цуглуулах эрх нээгддэг. Гэтэл 45 хоногийн дотор тэр их мөнгийг босгож чадах нь хэцүү байдаг учраас нэр дэвшигчид сурталчилгааныхаа хажуугаар мөнгө босгох ажлаа хийхээр. сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд санал авах өдөр хүртэл сонгуулийн зардлын дансыг цуглуулах эрхийг нээж өгөхөөр болж буй бололтой.

Үүн дотроо гадаадын байгууллага, хамтарсан байгууллага болоод олон улсын байгууллага, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс, 18 нас хүрээгүй хүн, шашны байгууллагаас хандив авахгүй гэдэг дээр нэмж төрийн бус байгууллагаар дамжуулан санхүүжилт авдгийг хориглох тухай санал ч явж байгаа гэнэ.

Өмнөх сонгуулиар ч яригдаж байсан орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор мөн яригдаж байгаа бөгөөд үүндээ сум,  болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Харин аймаг, нийслэл болон УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана гэдэгт улс төрийн намууд санал нэгдсэн байна.

Системийн хувьд холимог системийн хэлбэрийг хэвээр үлдээж, 48 тойргийг 28 болгох уу гэх асуудал яригдаж. Сонгуулийн систем дээр 48 тойрогтой байх, 28 тойрогтой байх гэсэн хоёр үндсэн асуудал яригдаж байгаа. Энэ санал дэмжигдвэл 28 нь намын нэрсийн жагсаалтаар, 48 нь нэр дэвшиж сонгогдох гэнэ. 48 гэсэн хувилбар нь  тойргоор хуваахад илүү хялбар бөгөөд зохион байгуулахад арай хялбар гэж үзэж байгаа аж.

Мэдээж саналыг автомат машинаар тоолно гэдгээсээ ухрахгүй байх нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй гэнэ. Автомат машины тоолсныг хяналтын гар тооллогоор баталгаажуулдаг хэлбэр Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуулийн хуулинд байдаг. Харин УИХ-ын сонгуулийн хуулинд байдаггүй. Иймд бүх сонгуулиудад хяналтын тооллогыг баталгаажуулж өгөхөөр ажиллажээ. Өөрөөр хэлбэл, автомат машинаар тоолсны дараа тойргуудаас санамсаргүй байдлаар сонгон авч гар аргаар тоолж, саналыг баталгаажуулах юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хуульд квотыг тусгаж өгснөө ахиулж 30 хүртэлх хувиар нэмүүлэх боломжийг ч судалж байгаа гэнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж