
Манай улсын эдийн засаг байгалийн баялаг, уул уурхайн салбараас хамааралтайг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. ДНБ-ий 17, экспортын 81, төсвийн орлогын 40, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Иймд эдийн засаг ямар байх нь уул уурхайн салбараас шалтгаална. Уул уурхайн салбар хэрхэн урагшилж, сайд нь яаж удирдахаас Монголын эдийн засаг ихээхэн хамаарна. Уул уурхайн сайд Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдэж чадахгүй байсаар хагас жил боллоо.
Энэ байдлаас болж хөрөнгө оруулалт буурч байж ч мэдэх юм. Манайд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн экспортын нэмэгдүүлэх зөв бодлого явуулсангүй. Монголын ямар ч компани бараг таван сар нүүрс экспортолсонгүй. Сайд Д.Ганхуяг 2008-2012 онд сул гишүүн байв. 2012 оны сонгуулийн дараагаас сул гишүүнээс Уул уурхайн сайд болсон. Харин Д.Ганхуягийг сайд болсноос хойш гадаадын хөрөнгө оруулалт орвонгоороо эргэж, эдийн засаг суларчээ. Үүнийг макро эдийн засгийн зарим үзүүлэлтээс харж болохоор байна.
2008-2012 оныг уул уурхайн салбар эрчимтэй өссөн үе. Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж ДНБ-ий 4/1 хувийг бүрдүүлж, цаашлаад 2012 оны сүүлээс Тавантолгой, Оюутолгой төслүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед уул уурхайн салбар ДНБ-ий 2/1 хувийг бүрдүүлнэ гэж тооцож байв. 2011 оноос эхлэн уул уурхайн салбар дангаараа нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг болсон. Үүний 80 орчим хувийг нүүрс, зэс алт, төмрийн хүдрийн экспорт эзэлж байсан. 2008 онд уул уурхайн салбараас улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг байсан бол жил ирэх тусам өссөөр 2011-2012 онд нэг их наяд 600 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлж байжээ.
Энэ үед Оюутолгойн гэрээг үзэглэж, ил уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж байв. Монгол Улс Оюутолгойн ордоос 34 хувийг эзэмшихээр гэрээ хийсэн. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын эдийн засагт орж ирж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойгоос орж байна” гэж хэлсэн. Оюутолгойн үйлдвэрлэл эхэлсэн үед хамгийн бага нь долоо, их нь 70 хувийн ашгийн нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.
2012 онд Д.Ганхуяг Уул уурхайн салбарын сайдаар томилогдлоо. Энэ хүн сайд болохоосоо өмнө Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэнэ гэж ярьдаг байсан. Энэ үгэндээ бантсан уу, сайд болсондоо баярласан уу, томилогдоод гарж ирэнгүүтээ Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол сайдаасаа огцорно гэж мэдэгдсэн юм. Хэлсэндээ хүрч Оюутолгой төслийг гацаахад хувь нэмрээ оруулав. Ил уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, анхны баяжмалаа үйлдвэрлэж эхлэх хүртэл хоёр талын ТУЗ, гишүүд, хувь нийлүүлэгчдийн хурал олон удаа хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг хагас жил орчим гацаж байна. Оюутолгойгоос гадна Тавантолгойн өрийн асуудлыг өдий хүртэл барагдуулалгүй, өрөндөө л нүүрс гаргаж, энэ хэрээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурлаа. Гадныханд индикатор болж байсан “Рио Тинто”, “Чалько” компаниуд хүлээлгийн горимд шилжсэнээр гадаадын хөрөнгө оруулагчид 2012 оны сүүлээс дайжиж эхэллээ. 2011 онд Монголд 400 гаруй өрмийн компани ажиллаж байсан байна. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурсны дараа эдгээр компани бараг бүгд сул зогсч байгааг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлсэн.
Оюутолойн гэрээ үзэглэсний дараагаар ил уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, цаашид жилд 450 мянган тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцож байв. 2013 оны зургадугаар сард Оюутолгой анхны зэсийн баяжмалаа экспортлох байв. Харин товлосон хугацаа гурван удаа хойшилж долдугаар сарын 9-нд анхны баяжмалаа экспортолсон. Үүний дараагаар хоёр дахь шатны санхүүжилтийг шийдэж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. 2013 оны зургадугаар сараас эхлэн зэсийн баяжмалаа дэлхийн зах зээл дээр экспортолж, төсөвт 485 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцсон.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгой хувь нийлүүлэгчдийн гишүүн. Сайд болсноос нь хойш Оюутолгой төсөл урагшилсангүй. Гэрээний дагуу Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт ажил өнгөрсөн хавар эхлэх байв. Гэтэл хоёр дахь шатны санхүүжилтыг өдий хүртэл шийдээгүй байгаа юм. Анхны хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн гэдэг шалтгааныг шийдэж чадахгүй байсаар төсөл гацсан. Уг нь аль хэдийн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, монголчууд ашиг хүртэх хугацаа ойртох байсан. Харин одоо ашиг хүртэх хугацаа хойшилсоор, төсөл гацсаар байна. Өнгөрсөн оны төсөвт Оюутолгойн гэрээг өөрчилж 485 тэрбум төгрөгийн орлогыг оруулна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Уул уурхайн сайд, төсвийн орлогод суулгасан. Гэтэл Оюутолгойгоос төлөвлөсөн орлого орж ирээгүй бөгөөд төсвийн орлогыг хэдэн тэрбумаар тасалдуулсан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд мөн л хэлсэн.
Эрдэнэс-Тавантолгой компани нүүрсний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх буюу Баруун, Зүүн цанхиасаа зэрэг олборлолт хийж төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Эрдэнэс- Тавантолгой компанийн “Чалько” компаниас зээлсэн 350 сая ам.долларыг 2013 онд барагдуулах байв. Гэтэл одоо ч төлсөөр явна. Өнөөдөр 2014 он.
Эрдэнэс-Тавантолгойгоос экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлнэ гэж ярьж байсан ч өнгөрсөн жил Зүүн цанхиасаа олборлолт хийж, түүнийхээ дийлэнхийг өрөндөө өгсөн байгаа юм. Гэхдээ өмнөх жилүүдээс бага хэмжээг экспортолсон. Хамгийн гол нь Хятад улс импортын нүүрснийхээ хэмжээг багасгаагүй байхад манай нүүрсний экспорт багассан. Эрдэнэс-Тавантолгой компани өнөөдрийн байдлаар ямар ч ашиггүй, олборлосон нүүрсээ өрөнд өгчихөөд сууж байна гэхэд болно. Гэрээг эргэн харна гэж гацааснаас болж гурван жилийн турш 350 сая ам.долларынхаа өрөнд нүүрс нийлүүллээ. Уг нь өнгөрсөн хавар энэ өрийг дуусгах төлөвлөгөөтэй байсан ч нүүрсний үнийн уналтаас болж 3-4 сар алдсан. Гурван жилийн хугацаанд өрөө дарах гэж ажилаллаа. Үүнийг жилийн дотор дарах боломж байсан ч Д.Ганхуяг сайд өдий хүртэл дарж чадсангүй. Одоогоор 140 орчим сая ам.долларын өртэй байгаа юм.
2008 онд ам.долларын төгрөгт харьцах ханш дэлхийн эдийн засгийн хямралаас болж 1800 төгрөг хүрсэн. Гэхдээ олон сар үргэлжлээгүй эргээд ханш суларч 1500 цаашлаад 1300 төгрөг хүрч байсан. 2012 онд нэг ам.доллар 1450 төгрөгт хэлбэлзэж байсан юм. Ам.долларын ханш мөнгөний бодлогоос хамаардаг боловч 2010 оноос эхлэн уур уурхайн экспорт, үйлдвэрлэл нэмэгдэж үүнийг дагаж ам.долларын урсгал нэмэгдэх болсон байна. Мөн уул уурхай руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байв.
Ам.долларын ханш өнгөрсөн наймдугаар сараас өссөөр 1880 төгрөгтэй тэнцлээ. Ханш огцом өсөх болсон шалтгаан гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэнтэй холбоотой. Хөрөнгө оруулалт үргэсэн нь Оюутолгойг гацаасантай холбоотой. Хагас жил шахам хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдэж чадахгүй байгаа байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг унтраасан. Хөрөнгө оруулагчдын сонирхож буй уул уурхайн салбарт баримтлах бодлого байхгүй, тогтворгүй байдлаас болсон. Уул уурхайн экспорт багаснаас ам.долларын ханш өслөө.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин