
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдаанд тусгай байр эзэлж байсан төгөлдөр хуурч Б.Оюу 4 сарын 4-нд Улсын филармонид “Ф.Шопений үдэш” бие даасан тоглолтоо тоглоно. “Ф.Шопений үдэш” нь Б.Оюугийн бие даасан гурав дахь тоглолт болж буйгаараа онцлогтой юм. Тэрбээр хийлч О.Байгальтай хамтран хоёр удаа хамтарсан тоглолт хийж байсан бөгөөд эх орноо төлөөлөн Итали, Испани, БНХАУ зэрэг улсад тоглож байсан шилдэг залуу уран бүтээлчийн нэг юм.
Ф.Шопен нь зөвхөн төгөлдөр хуурт зориулж хөгжмөө туурвидаг байсан суут хөгжмийн зохиолч бөгөөд түүний тухай УДЭТ-ийн Ерөнхий захирал асан Б.Сэргэлэн “Шопенд хүндэтгэл үзүүлэх нь уран бүтээлчийн ч, үзэгчдийн ч хувьд их чухалд тооцогддог. Шопенийг тоглоно, сонсоно, мэднэ гэдэг нь өөрөө их том соёл юм” хэмээн хэлсэн удаатай.