
Ливийн салан тусгаарлагчдын гарт орсон Хойд Солонгосын далбаатай онгоцыг зугтаалгасан хариуцлагын улмаас суудлаасаа огцорсон Ливийн экс Ерөнхий сайд Али Зейдан эх орноосоо зугтжээ. Экс Ерөнхий сайд Али Зейданыг хоёр хоногийн өмнө парламентаас огцруулсаны дараа прокуророос түүнийг санхүүгийн гэмт хэрэгт шалгаж буй шалтгаанаар хилээр гарахыг хориглоод байсан юм. Харин Мальтын Ерөнхий сайдын мэдээлснээр тэрээр Али Зейданыг тус арал дээр онгоцныхоо шатахууныг цэнэглэж байх хооронд утсаар харилцсан гэнэ. Ливийн албаныхны үзэж буйгаар Али Зейданы онгоц Европыг чиглэсэн байна.
Ливийн зүүн хэсгийн газрын тосны ордуудыг эзлээд буй салан тусгаарлагчид Хойд Солонгосын далбаатай “Morning Glory” газрын тос зөөгч хөлгийг ашиглан өнгөрсөн мягмар гаригт /III.11/ 234 мянган баррель түүхий эдийг гадагш тээвэрлэн авч одсон аж. Үүний дараа Ливийн тэнгисийн цэргийн хөлгүүд Хойд Солонгосын далбаатай усан онгоцны араас нэхсэн боловч цаг агаарын шалтгаанаар гүйцэж чадалгүй буцжээ.
Б.АНХТУЯА