УИХ-ын дэд дарга Л.Цог Орхон аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Л.Цог Орхон аймагт ажиллаж байна

УИХ-ын дэд дарга Л.Цог ажлын албаны хамт өөрийн сонгогдсон тойрог Орхон аймагт 2014 оны 3 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд ажиллаж байна. Өөрийн тойрог дахь ажлаа Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой уулзалт хийснээр эхлүүлж, тус аймагт өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалт болон ирэх онд хийхээр төлөвлөгдөж буй ажлын талаар санал солилцож, аймагт тулгамдаад буй асуудлаар нээлттэй яриа өрнүүллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн талаар мэдээлэх, мөн долоо хоногийн хугацаанд төрийн байгууллагад ажиллах хуваарь болон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлын төлөвлөгөөгөө танилцуулах зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын дараа Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай нь танилцан, тус газрын дарга Д.Чимгээтэй хуулийн хэрэгжилт болон тулгамдаад буй зарим асуудлаар санал солилцов. Мөн тус байгууллагаар үйлчлүүлж буй тэтгэврийн насны ахмадуудтай уулзалт яриа хийж, тэтгэврийн нэмэгдэл болон ахмадуудад тулгардаг нийтлэг асуудлаар ярилцсан юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог үдээс хойш Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай нь танилцан, тус газрын дарга Г.Батбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, халамжийн сан болон өнгөрсөн онд хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл авлаа. Ахмадын ордны төсөв батлагдсантай холбоотой ахмадуудад зориулсан үйлчилгээ, хийх ажлуудын талаар ярилцсан. Мөн тус төвд ахмадуудыг хүлээн авч уулзаж, тэдний санаа бодол, тулгараад буй нийтлэг асуудал, тэтгэврийн нэмэгдэл, мөн цаашид ахмадуудад зориулан явуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог Орхон аймгийн Татварын хэлтэст ажиллаж буй төрийн албан хаагч, татварын байцаагч нартай уулзалт хийж, төсвийн төвлөрүүлэлт, төсвийн орлогын бүрдүүлэлт болон түүнд тулгараад буй асуудал, татвартай холбоотой хуулиудын уялдаа холбоо, цаашлаад төрийн албан хаагчдын орхигдоод буй нийгмийн асуудлын талаар санал авсан юм.

Орхон аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Цог тойрогтоо ажиллаж буй хоёр дахь өдрөө Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Боловсролын хэлтэс, Бүртгэлийн газарт ажиллав.

Боловсролын байгууллага тэр дундаа хөрөнгө оруулалт, өргөтгөл, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай боловч төсөвт тусгагдаагүй, хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа дунд сургууль, цэцэрлэгүүдтэй газар дээр нь очиж танилцсан.

Үдээс хойш “Эрдэм” ахлах сургуульд очин сургуулийн багш нартай уулзалт хийж, багш нарын дунд тулгамдаад буй нийгмийн асуудал, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, материаллаг хангамжийн талаар багш нарын санал хүсэлтийг сонслоо.

Багш нарын уулзалтын дараа Орхон аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт шүүх, прокурор, цагдаа, онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний төлөөлөл 50 гаруй төрийн тусгай албан хаагчидтай уулзалт хийсэн юм.

Тус уулзалтаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2013 оны намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, төрийн тусгай албан хаагчийн нийгмийн хангамж, баталгааны асуудлаар УИХ-д уламжлах санал хүсэлтийг нь хүлээн авсан.

Төрийн албан хаагчид цалингийн хүрэлцээ муугаас цалингийн зээл авч, зээлээс зээлийн хооронд амьдрал залгуулдаг, төрийн залуу албан хаагчид орон сууцны зээлд урьдчилгаа мөнгөнөөс болоод хамрагдаж чаддаггүй, албаны хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж, материаллаг хангамж орон нутагт дутагдалтай байдаг хэмээгээд төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг төрийн бодлогоор хэрхэн дэмжих талаар саналаа уламжилсан юм.

Ирэх өдрүүдэд Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжлэх бөгөөд, УИХ-ын дэд дарга Л.Цог Булган аймагт зохион байгуулагдах Орхон, Булган аймгийн багийн дарга нарын бүсийн чуулга уулзалтанд оролцон, дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана.

УИХ-ын дэд дарга Л.Цог гуравдугаар сарын 14-ний баасан гарагийн 18 цагт “Уурхайчин” соёлын ордонд Орхон аймгийн иргэд сонгогчидтой уулзан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, ирэх даваа гарагт УИХ-ын Тамгын газар, НҮБ-аас Орхон аймагт зохион байгуулж буй орон нутгийн ИТХ-ыг чадавхжуулах сургалтад оролцсоноор Орхон аймаг дахь долоо хоногийн томилолт өндөрлөнө хэмээн УИХ-ын дэд даргын ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж