
БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор эл салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний дотоодын зарим компаниуд экспортоо түр хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж БНХАУ руу нүүрсээ тасралтгүй гаргаж байна гэж тус компанийн зүгээс мэдэгдлээ. Энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалко” компанийн өрөнд шилжжээ. Өнгөрсөн жил тээвэрлэлтийн асуудлаас үүдэн хятадын “Чалко” компанид төлөх өр барагдуулах ажил тодорхой хугацаагаар хойшлогдоод байсан ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хугацаа алдалгүй тээврийн компаниудтай гэрээ байгуулснаар өнөөдрийн байдлаар монголын талын 394, хятадын 52 автомашин тээвэр хийж байгаа аж.
Тээврийн асуудлыг ийн шийдсэнээр “Чалко” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар гэхэд бүрэн барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн удирдлагууд хэлж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн жил 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө гаргажээ.
Г.ДАРЬ