Э.Бат-Үүлд хэрэггүй 4,5 тэрбум

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлд хэрэггүй 4,5 тэрбум

Хотын дарга ч баян юм аа. Уг нь ард түмний л мөнгө л дөө. Гэхдээ захиран зарцуулж, бүтээн байгуул гээд эрхийг нь Э.Бат-Үүл даргад өгсөн болохоос тэрбум тэрбумаар нь гарын салаагаараа урсгаад бай гэж хотын захирагч болгоогүйсэн. Хотын даргын ээлжит шоу өнгөрсөн улиралын турш хогны уут хэмээн хий дэмий урсгасан 3,2 тэрбум төгрөг нь багадаад энэ жил 4,5 тэрбум болгон төсвөө нэмэгдүүлэх гэнэ.

Нийслэлийн айл өрх бүрт үнэгүй  хогны уут тарааж, хотоо хоггүй байлгана хэмээн 3,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч энэ уут нь эзэндээ хүрэхэээсээ хүрэхгүй нь их, мөн амархан урагддаг, хогоо хаях нь бага гээд шүүмжлэл дагуулсаар багагүй хугацааг үдчихэж. Гэтэл энэ удаад хогны уутаа бариултай болгож, өнгө үзэмжтэй болгохын тулд дахин мөнгө нэмэгдүүлж, 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон нь олон хүнийг “шоконд” оруулав бололтой.  2012 оны судалгаагаар нийслэлд 317 мянга гаруй айл өрх байгаа тухай статистик гарсан байдаг. Үүний олонхи нь гэр хороололд байдаг.  Гэр хорооллын иргэд 3,2 тэрбум төгрөг зарцуулсан хогны уутыг гэр хорооллынхон хэрэглэх боломжгүй, хүйтний улиралд амархан хөлдөж, урагддаг гээд муу үнэлгээ тавьчихсан. Гэтэл хүн амынх нь олонхи нь гэр хороололд амьдарч байхад дахин 1,3 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэж Хотын дарга сэрүүн зүүдэлжээ.

Хогны уутыг бариултай, өнгө үзэмжтэй болголоо гээд хот хогноосоо салчина гэвэл итгэх хүн олдохгүй биз.  Хогны уут нэрээр тэрбум тэрбумаар нь үрж байхын оронд хогийн машиныхаа тоог нэмэгдүүлж, хогоо цаг бүрт нь ачихад анхаарлаа хандуулбал дээрсэн, хотын дарга аа. Дулааны улирал наашилж бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байхад хогын уутанд үрж байгаа 4,5 тэрбум төгрөгөөрөө зам тавьж, замын түгжрэлтэйгээ тэмцвэл илүү үр дүнд хүрч, Э.Бат-Үүлд хотоо удирдуулахаар итгэл хүлээлгэсэн иргэдэд таалагдах биз ээ. Нэгэнт л 3,2 тэрбум төгрөгийг зарлагдаж үр дүн гараагүй бол нэмж 1,3 тэрбум төгрөг нэмж  төсөвлөлөө гээд хот хоггүй болно гэдэг үлгэр л байх шүү, хотын удирдлагууд минь. Хогоо цагт нь ачиж, хогны машиныхаа тоог нэмчихвэл 4,5 тэрбум төгрөг зарлагадах шаардлага ч гарахгүй шүү дээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж