Монголд анх удаа их сургуулийн дэргэдэх түшиц цэцэрлэг байгуулсан

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа их сургуулийн дэргэдэх түшиц цэцэрлэг байгуулсан

Өдрийн сурвалжлага

Даяаршлын эрин зуунд англи хэлийг судалж, эзэмших хэрэгцээ, сонирхол өндөр болсон. Үүнтэй холбогдуулан “Отгонтэнгэр” их сургууль хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх зүтгэлийг дэмжих, Баянзүрх дүүргийн тэргүүний сурагчдыг алдаршуулж, бусдад үлгэр дууриал үзүүлэх зорилгоор тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ХI, ХII ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ. Тус сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад жил бүр уламжлал болон зохиогдохоороо онцлог аж. Эхний шатанд дүүргийн 17 сургуулиас 68 сурагч оролцож, хоёр дахь шатанд шилдэг 16 сурагч уран илтгэх авьяас чадвараа сорьсон байна. Энэ арга хэмжээг дуустал нь шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Эрдэнцэцэг “Оюутан, сурагчид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн англи хэлний төвшинг харахад яриа, бичгийн чадвар сайн байсан. Зарим хүүхэд хэт энгийн хэллэгээр ярих нь анзаарагдсан. Тиймээс ямар үг хэрэглэх, ямар үгийг хэлж болохгүй талаар зөвлөгөө өгсөн. Отгонтэнгэр их сургууль хувийн болон улсын сургуулиа олимпиадад жигд оролцуулж сайн зохион байгуулсан байна. Мөн сургуулийнхаа оюутнуудыг хамруулсан нь их үр дүнтэй болсон” хэмээн ярив. Тус сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадын тэргүүн байрт шалгарсан “Улаанбаатар” дунд сургуулийн 11б ангийн сурагч Б.Жаргалхурцын сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө “Отгонтэнгэр” их сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад тэргүүн байр эзэлсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Англи хэлийг яаж ийм сайн сурсан юм бэ. Олимпиадад хэдэн хүүхэд оролцов. Хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Би найман настайгаасаа англи хэлээр дуу сонсч, кино үзэж байгаад сурсан. “Отгонтэнгэр” их сургуулиас зохион байгуулсан энэ олимпиад өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болсон. Тэмцээнд оролцож байгаа нийт сурагчдын англи хэлний төвшин сайн байна. Нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Илтгэлийн тэмцээнд оролцогч бүх хүүхэд англиар сайн чөлөөтэй ярьдаг, бүгд хүчтэй өрсөлдөгчид байлаа. Цаашид энэ олимпиадыг жил бүр илүү өргөн хэмжээнд зохион байгуулж байгаасай гэж хүсэх байна. Мөн энэ олимпиадыг дэмжиж оролцсон АНУ-ын Элчин сайдын яам болон “МСS” компанийн ах, эгч нартаа баярлалаа гэж хэлье.

“Отгонтэнгэр” их сургууль Монгол Улсын хувийн хэвшлийн анхны их сургууль. Өнөөдрийн байдлаар энэ сургуульд 2000 гаруй оюутан, 200 орчим багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 20 орчим мэргэжлээр 6000 орчим боловсон хүчин бэлтгэсний 80-аад хувь нь улс, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулан, өөрийн орон болон өндөр хөгжилтэй гадаадын орнуудад ахисан төвшинд суралцаж, ажиллаж байна. Тус сургуулийн хамт олон Баянзүрх дүүргийнхээ төдийгүй улсын хэмжээний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ хүн амын нийтийн боловсрол, нийгмийн халамж, үйлчилгээ, нийслэлийн болон дүүргийн тохижилт, соёлжилтод гар, бие оролцож яваа бүтээлч хамт олон. Олимпиадын талаар “Отгонтэнгэр” их сургуулийн захирал, доктор Н.Энхзаяатай ярилцлаа.

-Танай сургууль санаачлан Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ХI, ХII ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг анх удаа зохион байгууллаа. Олимпиадад байр эзэлсэн хүүхдүүдийг танай сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцуулна гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Олимпиадад оролцож эхний таван байрт шалгарсан хүүхдүүдэд 10-100 хувь хүртэлх сургалтын төлбөрийг нь хөнгөлнө. Мөн хүссэн мэргэжлээрээ сурахдаа манай сургуулийн элсэлтийн шалгалтын журмыг хангасан байх шаардлагатай.

-Олимпиадад хэчнээн хүүхэд оролцсон бэ. Баянзүрх дүүрэг нийт хэдэн сургуультай вэ?

-Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын 39 сургууль байдаг юм билээ. Манай зохион байгуулсан олимпиадад хувийн болон улсын 17 сургууль оролцсон. Энэ сургуулиудаас нийт 71 хүүхэд бүртгүүлснээс 69 нь нэгдүгээр шатанд оролцлоо. Харин хоёрдугаар шатанд шилдгийн шилдгээр шалгарсан 16 хүүхэд оролцсон.

-Англи хэлний олимпиадыг зохион байгуулахад АНУ-ын Элчин сайдын яам, дүүргийн Боловсролын хэлтэс, “МСS” компани дэмжсэн гэсэн?

-Бид англи хэлний олимпиадыг зохион байгуулж далайцтай өргөн хийе, бусад байгууллагуудыг татан оролцуулъя гэж бодоод Баянзүрх дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулж байгаа гэдэг утгаараа дүүргийн Боловсролын хэлтэст хандахад таатай хүлээн авч дэмжиж ажилласан. Мөн энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “МСS” компанид хандахад “Бид боловсролыг дэмжинэ. Тиймээс хамтарч ажиллана” гэдгээ хэлсэн. Харин АНУ-ын Элчин сайдын яаманд талархал илэрхийлье гэж бодож байна. Англи хэлний боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн сурч хүмүүжих юмыг урамшуулна гэдэг хоёр талын ажлыг дэмжиж байгаа хэрэг юм.

-Яагаад заавал Баянзүрх дүүргийн хүүхдүүдийг сонгосон юм бэ?

-“Отгонтэнгэр” сургууль 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш Баянзүрх дүүрэгт байрлаж, үйл ажиллагаагаа өдийг хүртэл явуулсан. Энэ хугацаанд бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ дүүрэгт оршин сууж байгаа хүүхэд залуучуудынхаа боловсролыг дээшлүүлэх, иргэддээ хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх, байгаль орчноо хэрхэн хамгаалж, сэргээх зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн. Тиймээс бусад томоохон байгууллагууд, нийт улсаа хамарч чадахгүй ч оршин суугаа дүүргийнхээ иргэдэд хэрэгтэй зүйлсийг бий болгоосой гэж уриалж байна. Цаашид оюутан залуус, сурагчдын хүсэл эрмэлзлэл дүүрэн байвал зөвхөн англи хэл гэлтгүйгээр нийгмийн талын мэдлэгийг шалгах зэрэг олон талаар хийх боломжтой. Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн тоо бага байдаг. Тиймээс дүүргийнхээ сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг боловсролоор хангах үүднээс Монголдоо анх удаа их сургуулийн дэргэдэх түшиц цэцэрлэг байгуулсан. Энэ нь нэг талаар ажилчдын асуудал шийдэгдэж байна. Нөгөө талаар бидний үйл ажиллагаагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн хүүхдүүд энэ цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой.

-Танай сургууль олимпиадаас гадна нийгэм рүүгээ чиглэсэн ямар ажил хийж, зохион байгуулав. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Жил бүр дүүргээс зохион байгуулдаг тохижилт, соёлжилтын аянд багш, ажилчид, оюутнуудаа идэвхтэй хамруулж нийтийн гудамж талбай, үерийн суваг, шуудуу, Сэлбэ, Туул голын эрэг орчим сав газрын их цэвэрлэгээг тогтмол хийж ирсний зэрэгцээ “Нэг мод-нэг амьдрал” мод тарих аяны хүрээнд 2010 онд 240 гаруй суулгац тарьж, “Эрүүл орчин-цэцэгжүүлэлт”-ийн аян зохион байгуулж 250 гаруй цэцэг тарьж сургуулийн орчноо цэцэгжүүлсэн. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй 10 орчим хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.

Англи хэлний олимпиадын дүн:


Тэргүүн байр: Улаанбаатар дунд сургуулийн сурагч Б.Жаргалхурц (Отгонтэнгэр их сургуульд 1 жил сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах эрхийн бичиг)

Дэд байр:     Улаанбаатар дунд сургуулийн сурагч Б.Сэлэнгэ

Гутгаар байр: Оюунлаг сургуулийн сурагч Ч.Мандуул

Тусгай байр:     Оюунлаг сургуулийн сурагч Б.Биндэръяа

84-р сургуулийн сурагч Б.Хүслэн нар тус бүр Отгонтэнгэр их сургуульд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Р.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж