Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй нурууны мэс засал хийлгэхээр болсон талаар мэдээлсэн. Түүнд ардчиллын анхдагч журмын нөхөд нь болон сэтгүүлч андууд нь эрүүл энхийг хүсч сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Украины Львов хотноо Цэргийн улс төрийн дээд сургууль төгсч, цэргийн хэвлэлд хамт ажиллаж байсан, одоо “Львов клуб” ТББ-ын Гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Г.Сумъяа ярьж байна.
– Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бид нар Украин улсын Львов хотын Цэргийн улс төрийн дээд сургуульд 1982-1988 онд хамт суралцаж байлаа. Манай Львов хотын Цэргийн улс төрийн дээд сургууль сэтгүүлч, соёлын ажилтан мэргэжлээр бэлтгэдэг байсан. Бид бол цэргийн сэтгүүлч мэргэжлээр Львов хотод суралцахаар явсан анхдагч нар юм. Сургууль төгсч ирээд армийн “Улаан-Од” сонинд хамт ажиллаж байлаа. Дараа нь ч бид ойр ажиллаж байсан. Львовт суралцаж төгссөн цэргийн олон залуус бий. Одоо газар бүхэнд амжилттай ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй эмчилгээнд явахаар болсныг бид хэвлэл, мэдээллээс сонсч мэдлээ. Үүнийг сонсоод Ерөнхийлөгчтэй хамт суралцаж байсан болон ажиллаж байсан нөхөд нь сэтгэлийн дэм өгөхөөр ярилцаж байна. Оюутан байхаасаа л бид нар ханиад хүрсэн нэгэндээ эмийг нь дөхүүлж , хань бараа болж явсан. Нэг нөхөр маань өвдсөн бол бид хамтдаа байх нь хүн ёсны хэрэг.
Эмчилгээ нь амжилттай болно, түргэн эдгэрч ирнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. Япон орон анагаах ухааны салбар нь хүчтэй улс. Тэгэхээр эмчилгээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ч төрийн их ажлынхаа зэрэгцээ эрүүл мэндээ бодож явахыг захиж хэлье.