Хятадын албаныхан хиймэл дагуулын гурван зургийг 370-р нислэг сураггүй болсны маргааш нь буюу өнгөрсөн ням /III.9/ гарагт авсан боловч дөнгөж өчигдөр нийтэлсэн тухай “ВВС” мэдээлсэн байна. Сансараас авсан зургуудаас үзвэл 24х22 метрийн харьцаатай том зүйл Малайзаас зүүн зүгт Өмнөд Хятадын тэнгист хөвж байсан хэмээн Синьхуа агентлагт мэдээлжээ. Гэхдээ Хятадын албаныхны зүгээс хиймэл дагуулын эдгээр зургууд сураггүй болсон онгоцных мөн эсэх талаар тайлбар хийгээгүй байна.
Үүнээс тусдаа “Agence France-Presse” агентлагт мэдээлэхдээ АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудад “Boeing 777-200ER” онгоц сураггүй болох үед тухайн хэсэгт ямар нэгэн дэлбэрэлт ажиглагдаагүй гэнэ. АНУ-ын тагнуулын хиймэл дагуулууд нь дэлбэрэлтээс үүсэх халуун зэрэг зүйлсийг маш хурдан илрүүлдэг аж. Түүнчлэн Малайзын агаарын хяналтын албаныхан сураггүй болсон онгоцтой хамгийн сүүлд холбогдоход бүх хэвийн хэмээн боловч үүнээс хэдхэн минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон хэмээн мэдээлжээ.