Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Юань хямдарна гэв

-БНХАУ-ын Засгийн газар  төсвөө баталлаа, юань хямдарна-


БХАТХуралдааны танхим . Фото: Reuters

Хятадын Засгийн газар 2014 оны төсвөө баталж байна. Юанийн ханш өнгөрсөн сарын дунд үеэс хямдарч байна. БНХАУ-ын эдийн засаг удааширч байгаа ч эрх баригчид эдийн засгийн өсөлтийн хурдын талаар өөдрөг сэтгэгдэлтэй байгаа бөгөөд төсвийн зарлагын хэсгийг мөн л нэмэгдүүлж байна.

Хятадын эдийн засаг 2014 онд 7,5 хувийн өсөлттэй байх болно гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Бээжинд нээгдсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдын 12 дугаар сонгуулийн хуралдааны хоёрдугаар чуулганы нээлт дээр мэдэгдлээ. “Бүхий л боломжийг харьцуулан авч үзээд мөн бүх хэрэглээгээ тооцоолон бид эдийн засгийн өсөлтөө 7,5 хувийн төвшинд байлгах зорилт тавиад байна” хэмээн Ли Кэцян хэлсэн юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7,5 хувь болгох нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж, Дундад улсын эдийн засгийн бүтцийг  богино хугацааны сөрөг үр дагаваргүйгээр аажмаар зохицуулан бүрэлдүүлэх боломжийг өгнө гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд  дүгнэв.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал нь (全国人民代表大会) БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага юм. БХАТХ-д  мужууд, автономийн районууд, төвийн захиргааны том хотууд болон Зэвсэгт хүчний төлөөлөгч нараас сонгогдсон депутатууд ордог бөгөөд практик дээр бол Коммунист намын удирдлагын гаргасан шийдвэрүүдийг баталдаг.

БХАТХ-ын өнөөгийн чуулганы гол сэдэв  нь 2014 оны Хятадын эдийн засгийн ирээдүйн асуудал, мөн  өнгөрсөн жилийн сүүлчээр хуралдсан ХКН-ын Төв хорооны  XVIII их хурлын гуравдугаар бүгд хурлаас гаргасан шинэчлэлийн төслийн асуудал болж байна.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан ч Засгийн газар нь тус орны эдийн засгийн өсөлт үргэлжилнэ гэж үзсэн ба төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нийт төсвийн алдагдал энэ онд 1,35 их наяд юань (ойролцоогоор $220 тэрбум) байхаар төлөвлөгдсөн нь 2013 оныхоос 150 тэрбум юаниар нэмэгдсэн гэсэн үг ажээ. 

БХАТХ-ын чуулганы илтгэлд тэмдэглэснээр, инфляцийн төвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индексийн өсөлт (CPI) нь Хятадад 3,5 хувь байх ёстой. Мөнгөний массын М2 хэмжээ нь 13 хувийн төвшинд үлдэнэ. Хятадынн санхүүгийн биш шууд хөрөнгө оруулалтыг бусад орнуудын эдийн засагт 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ба тэр нь 99,2 тэрбум ам.доллар болох юм. Бөөний худалдааны хэмжээ мөн л 14,5 хувиар  өсч,  26,84 их наяд юань (ойролцоогоор $4,37 их наяд) болох ажээ.

Хятадын батлан хамгаалахын зардал жилийн дүнгээр 12,2 хувь буюу 808,2 тэрбум юань (ойролцоогоор $132 тэрбум) хүртэл өснө. 2013 онд цэргийн зардал $114  тэрбум хүрч,  өмнөх оныхоосоо 10,7 хувиар илүү байлаа. Гэвч Хятадын Засгийн газар нь цэргийн зардал харьцангуй бага хэмжээнд байгааг тэмдэглэсээр байгаа юм. “Шаардлагатай хэмжээнээс хамаагүй бага зардлыг батлан хамгаалахад гаргаж байна” хэмээн Хятадын Ардын чөлөөлөх армийн  Тэнгисийн цэргийн шинжээчдийн  хорооны дарга Инь Чжо онцолжээ.

Энэ удаагийн чуулган дээр юанийн ханшийн талаар онцгой анхаарлаа. Гадаад валютын газрын улсын захиргааны албаны тэргүүн И Ган мэдэгдэхдээ, солилцооны ханшны хоёр талын хэлбэлзэл ирээдүйд норм болно гэлээ. Дэлгэрэнгүй тайлбар хийлгүйгээр тэрээр юанийн солилцооны ханш нь маркетизаци тал руугаа явна гэсэн байв.

Доллартай харьцуулсан юанийн ханш “ардын мөнгөний” бэхжилтийн урт хугацааны дараа хоёрдугаар сарын 18-наас эхлэн буурах талдаа чиглэв. Сүүлийн долоо хоногт Хятадын валют эрчимтэй унан,  өнгөрсөн баасан гаригт 533 пунктад хүрсэн буюу, арван сарын хамгийн доод хэмжээнд хүрч 6,1808 юанийг нэг долларт өгч байв. Бусад хөгжиж буй зах зээлд валют буурснаас экспортлогч нараа дэмжихээр Ардын банк нь хүссэн байж болох талтай. Мөн дамлагч нарт юань гэдэг нь “нэг талын хөдөлгөөнтэй гудамж биш” гэдгийг харуулах гэсэн оролдлого ч байж болно. Юань чангарахаас гадна унаж болохыг  харуулж байна. Мөнгө зээлийн бодлогод ямар нэгэн хэмжээний өөрчлөлт оруулах гэсэн эсвэл валютын коридорыг өргөтгөх гэсэн санаа ч байж болохыг шинжээчид хэлж байна. Гэсэн ч ханшийг унагасны дараа цаашид бид макро эдийн засгийн урт хугацааны нөхцөлтэй ревальвацийг үргэлжлүүлэн харах болно гэж бас шинжээчид ярьж байгаа.

Хятад экспортоос  гадаад валют ихээр авч байгаа нь Хятадын эдийн засагт дарамт үзүүлэн мөнгөний хэт их хуримтлал нь инфляцийг өдөөх хандлагатай байгаа. Эдийн засгаа халаахгүйн тулд  солилцоог бага хэмжээний юаниар хийх шаардлага тэдэнд байгаа учраас ханшийг сулруулах хэрэгтэйг зарим шинжээчид дүгнэв. Мөн  юанийг шинээр нөөцийн валют болгох стратегийн төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. Бээжин урт хугацаанд  хятад валютын үүргийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Хил давсан наймааны тооцооонд юаниар наймаалцах нь  дэлхийн улс орон бүс нутгийн 98 хувийг хамарсан гэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад мэдэгдэж байлаа. 2013 оны есөн сард энэ үзүүлэлт нь 8,6 их наяд юань болсон байв. Тухайн үед 2,07 их наяд юань худалдааны эргэлтэд зарцуулагджээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж