Крым, Кремль хоёр олон улсын хараанд орлоо

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Крым, Кремль хоёр олон улсын хараанд орлоо

Украинд болж буй хэрэг явдал олны анхаарлыг татсан хэвээр байна. Крымд болох санал асуулгын өмнөхөн Крым, Кремль хоёрын байдал  олон улсын хэмжээнд асуудал болон дэгдэж байна. Дэлхийн халуун цэг болоод буй Крымын бүс нутаг болоод ОХУ-ын байр суурийг дэлхий нийт хэрхэн харж буй талаарх багц мэдээг бид бэлтгэлээ.

Крымыг Оросын бүтцэд оруулах уу?
 

Крымыг Орост нэгтгэх далд шийдвэрийг Кремль хамгийн дээд төвшиндөө шийджээ. Энэ талаар зарим эх сурвалжууд хэвлэлд мэдээлсэн байв. Крымыг ОХУ-д бүгд найрамдах улсын эрхтэйгээр  хүлээн авч  орос ба крымын татарын гэсэн хоёр төрийн хэлтэй болгох  ажээ.

Ерөнхийлөгчийн хүрээнд ойр эх сурвалжийн мэдээгээр гуравдугаар сарын сүүлч гэхэд Крымыг ОХУ-ын бүтцэд багтаасан байх гэнэ. Бусад эх сурвалжууд энэ талаар тодорхой хугацаа заагаагүй ч гэсэн энэ асуудлыг  сунжруулахгүй гэж ярьж байна.

АНУ-ын Конгресс Оросын эсрэг тогтоол батлав
 

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим  Оросын цэргийн Крымд явуулж буй ажиллагааны улмаас хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг баталжээ гэж The Los Angeles Times сонин бичив.

Тогтоолд цэцэглэн хөгжиж байгаа ардчилсан Украин  болон түүний газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө АНУ байгаа гээд 1997 оны гэрээний дагуу Крымд үлдэх ёстой цэргээс бусад Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлийг  эргүүлэн татах ёстой хэмээн Орост уриалсан байна.

Конгрессменүүд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг Украинд илгээх мөн Оростой НАТО ба Европын бусад орнууд  цэргийн хамтын ажиллагааг  зогсоох, G8 клубаас Оросыг хасах зэргийг уриалжээ. Уг тогтоол нь Украины ерөнхий сайд Арсений Яценюк Вашингтонд очихын өмнө  батлагдсан байна.

«Их долоо» Орост шаардлага тавив

Жозе Мануэл Баррозу. Фото: Frederick Florin / AFP

“Их долоогийн” орнууд Крымыг  хүчээр булаан эзлэхээ зогсоохыг Орост уриалав гэж Agence France-Presse мэдээллээ.

Еврокомиссийн дарга  Жозе Мануэл Баррозу  энэ сэдвээр албан ёсны мэдэгдлээ гуравдугаар сарын 12-ны орой гаргана гэлээ. Европын холбоо ба G7 хатуу байр сууринд  зогсоно гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж тэр  хэлэв.

Барууны янз бүрийн орнууд Крымын талаарх өөрийн бодлогоос татгалзахыг Орост уриалж ирсэн юм.  Үүнийг эс биелүүлбээс янз бүрийн хориг арга хэмжээг АНУ ба ЕХ Орост авна гэдгээ мэдэгдсэн байгаа.

Оросын удирдлага Украины дотоод хэрэгт оролцохгүй байгаа, Крымын үйл явдал нь хойгийн оршин суугчдын хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл гэж мэдэгдсэн  юм.

Украин Крымд цэрэг оруулахгүй

Украин
зэвсэгт хүчнээ Крымын нутаг дэвсгэрт оруулахгүй гэж Agence
France-Presse агентлагт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр
Турчинов мэдэгджээ.

“Бид Крымд цэргийн цохилт хийж чадахгүй. Учир
нь үүний улмаас Украины зүүн хэсгийн хамгаалалт муутай  нутгийг
цохилтод тавьж өгнө гэсэн үг” хэмээн улстөрч тайлбарлав.  Крымын бүх
нийтийн санал асуулгыг Кремльд “найруулсан” хэмээн Турчинов ярилцлагадаа
тэмдэглэв. Оросууд хэлэлцээр хийх сонирхолгүй байна гэж тэр мэдэгдлээ.
Крымд ирэх 16-ны өдөр бүх нийтийн санал асуулга явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж